Түүх соёлын дурсгалыг хамгаалах даалгавар Засаг дарга нарт өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-05-25 15:08:26

Дундговь аймгийн нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалын хадгалалт, хамгаалалтыг сайжруулах тухай аймгийн Засаг дарга албан даалгавар гаргалаа. Соёлын өвийг хамгаалах тухай хуулиар түүх соёлын үл хөдлөх дурсгал, түүх, соёлын дурсгалт газруудын хадгалалт хамгаалалтад анхаарал хандуулах үүрэг тухайн орон нутгийн Засаг дарга нарт ногдсон байдаг. Энэ үүргээ биелүүлж ажиллахыг энэхүү албан даалгавараар сануулсан байна.

Тодруулбал, соёлын өвийг эрэн сурвалжилж бүртгэх, хамгаалж хяналт тавьж ажиллах, палеонтлоги, археологийн хайгуул, малтлага, судалгаа хийх зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллагад зориулалт бүхий газрыг ашиглуулах, сумын Соёлын төвд бүртгэл мэдээллийн сан бүрдүүлж, нутаг дэвсгэр дэхь соёлын өвийг бүртгэн баримтжуулах, бүртгэл мэдээллийн сангийн нууцлалыг хадгалж бүртгэл мэдээллийн сангийн тайланг жилд хоёр удаа аймгийн бүртгэл мэдээллийн санд хүргүүлж байх, түүх соёлыг үл хөдлөх дурсгалын тооллогыг  явуулж, иргэн, хуулийн этгээдээр гэрээний үндсэн дээр хамгаалах үүргийг гүйцэтгүүлэх, улс, аймаг, сумын хамгаалалтад байдаг түүх, соёлын дурсгалын дэргэд холбогдох мэдээлэл агуулсан самбар байршуулах зэрэг 10  гаруй үүргийг сумын Засаг дарга нарт өгсөн байна.

Мөн түүх, соёлын үл хөдлөх дурсгалын орчныг хог хаягдалгүй цэвэр байлгаж, хамгаалалтыг нь сайжруулахад зориулах төсөв хөрөнгийн асуудлыг сумын ИТХ- д хэлэлцүүлэн шийдвэрлүүлэх, палеонтлоги, археологийн хууль бус малтлага хийсэн тохиолдолд цаг алдалгүй таслан зогсоох зэрэг үүргийг багийн Засаг дарга нар хүлээжээ.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ