Хүүхдийн тэтгэлэг төлөх хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-11-11 13:37:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Дотоод хэргийн их сургуулийн Эрдэм шинжилгээний нэгдсэн хүрээлэнтэй хамтран хүүхдийн тэтгэлэг гаргуулах шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны эрх зүйн зохицуулалт, хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж, судалгааны тайлан эмхтгэн гаргалаа.

Иргэний хуулийн 32 дугаар зүйлд гэрлэгчид зөвхөн хөрөнгийн эрхээ гэрээгээр зохицуулахаар зааж, хүүхдийн эрхийг хамгаалах зохицуулалтыг орхигдуулсан байдаг аж.

Монгол Улсын гэр бүлийн эрх зүйн практикт “Гэрлэлтийн гэрээ” байгуулж, улмаар гэр бүл болохдоо гэрлэлтийн гэрээнд зөвхөн хөрөнгийн асуудал бус үр хүүхдээ тэтгэх асуудлыг тусгасан байдлаар хуульчилж, гэр бүлээ батлуулахдаа гэрээг зайлшгүй харгалзан үздэг байхаар зохицуулах шаардлагатай юм байна.

Хүүхдийн тэтгэлэг төлөх ихэнх иргэд нь төлбөрийн чадваргүй, ажил хөдөлмөр эрхэлдэггүй, улмаар тэтгэлэг төлөхөөс зайлсхийх асуудал шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад их гардаг байна. Хүүхдийн тэтгэлэг төлөхөөс зайлсхийж буй этгээдэд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хувь хүний хандлагыг өөрчлөхөд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэх хэрэгтэй зэрэг асуудлыг судалгааны тайланд онцлон тусгасан байна.

Уг судалгааны ажил нь улсын хэмжээнд энэ төрлийн анхны судалгаа болсон гэдгийг ШШГЕГ-аас мэдээлэв. 

 

Холбоотой мэдээ