АНУ-ын цэргийн баазыг Японд байлгах зардлын талаарх албан ёсны хэлэлцээ эхэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-11 13:54:01

ТОКИО. /Kyodo/. АНУ-ын цэргийн баазуудыг Японы нутаг дэвсгэрт байрлуулах зардлыг хуваах асуудлаарх албан ёсны хэлэлцээний эхний үе шат Вашингтон хотноо эхэлсэн тухай Японы Гадаад хэргийн яам мэдээлэв.


“Цэрэг байрлуулах гэрээ нь Японы нутаг дэвсгэрт Америкийн цэргүүдийг үр дүнтэй ажиллуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Япон-Америкийн эвслийн үндэс суурь болохыг хоёр улс дахин нотоллоо” гэж Японы Гадаад хэргийн яамны мэдээлэлд дурдсан байна. Тус яам мөн талууд харилцан ашигтай гэрээ байгуулж, эвслийг бэхжүүлнэ гэж найдаж байгаагаа илэрхийлжээ.


Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн туслах асан Жон Болтон дурсамжийн номдоо, 2019 онд Америкийн цэргүүдийг Японд байлгах зардалд Вашингтон Токиогоос одоогийнхоос 4.4 дахин их буюу 8 тэрбум ам.долларыг жил бүр хуваарилахыг шаардсан гэж бичжээ. Хэрэв зардлаа нэмэгдүүлэхээс татгалзвал Америкийн цэргүүдийг Японоос бүрэн гаргана гэж сүрдүүлэхийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп туслахдаа тушаасан гэж уг номд бичсэн байна.


2020 оны санхүүгийн жилд /2021 оны гуравдугаар сарын 31-нд дуусна/ Америкийн цэргүүдийг Японд байлгах зардал 199.3 тэрбум иен буюу одоогийн ханшаар 1.8 тэрбум гаруй ам.доллар болж байгаа аж. Японы тал АНУ-ын цэргийн баазуудтай холбоотой нийтийн аж ахуйн үйлчилгээний бүхий л төлбөрийг төлж, япон ажилтнуудын цалинг тавьдаг байна.


 


Холбоотой мэдээ