Монголын Юнител групп, Азийн хөл бөмбөгийн холбоотой гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2020-11-13 14:26:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ноос Монголын Unitel групптэй албан ёсны гэрээ байгуулснаа зарлалаа.


Гэрээ ёсоор Unitel групп AFC-гээс зохион байгуулж байгаа тэмцээн бүрийг 2021-2024 онд Монголдоо дамжуулан нэвтрүүлэх эрхтэй болж байна. Тухайлбал, ДАШТ болон Тивийн аваргын тэмцээний Азийн бүсийн тоглолт, Азийн аваргуудын лиг, 2021 оны Азийн Цомын АШТ, 2023 оны АЦАШТ, U23 насны 2022, 2023 оны Азийн Цомын АШТ гэх мэт шигшээ багууд, клубийн тоглолтууд багтжээ. Unitel групп UniLive,  Look TV Unitel сувгаар тэмцээн, уралдааныг шууд дамжуулах юм.


Football Marketing Asia компанийн ТУЗ-ийн гишүүн, Гүйцэтгэх захирал Патрик Мерфи хэлэхдээ: ''Юнител, Монгол дахь хэвлэл мэдээллийн салбарын түнш байгууллага болсонд бид баяртай байна. Хөлбөмбөгийн спорт эрчимтэй өргөжин хөгжиж байгаа бөгөөд Юнителийн хувьд бүс нутагтаа Азийн шилдэг хөлбөмбөгийг түгээн дэлгэрүүлэгч байж хамтын ажиллагаагаа улам бэхжүүлнэ гэдэгт бид баяртай байна” гэв.



Харин Юнител группийн Контент хөгжил, төлөвлөлтийн газрын төлөөлөгч Э.Мөнхбат: ''Ази тивийн хамгийн нэр хүндтэй спортын нэг болох хөлбөмбөгийн тэмцээнийг нэвтрүүлэх шинэ түншлэл байгуулж байгаад баяртай байна. Монгол Улсад хөлбөмбөг улам өргөн хүрээнд хөгжиж байгаа бөгөөд Монголын хөлбөмбөг сонирхогчдынхоо хэрэгцээг хангах, Юнителээс үзүүлж буй олон төрлийн урлаг, спорт, интертаймэнт нэвтрүүлгийг нэмэгдүүлэх хүрээнд АХБХ /AFC/-ны тэмцээнүүдийг хөгжөөн дэмжигчиддээ санал болгож байгаа гэдгээрээ бахархаж байна” гэлээ.


АХБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Виндзор Жон “Бид Монголтой хамтран ажиллах болсонд баяртай байна. Монгол бол Азийн хөлбөмбөгийн хамгийн ирээдүйтэй багийн нэг” хэмээн онцолжээ.

Холбоотой мэдээ