БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2020-11-14 11:48:06

БЭЭЖИН. /Xinhua/. БНХАУ-ын цэрэг-иргэний интеграцийн бодлогыг зөвөөр авч үзэж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах нэрийдлээр Хятадын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг тус улсын Гадаад хэргийн яам АНУ-д уриалжээ. 


АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын цэргийнхэнтэй холбоотой компаниудад хөрөнгө оруулахыг америкчуудад хориглосон зарлиг гаргасантай холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Вэньбинь ийнхүү мэдэгдсэн байна.


Манай улс компаниудынхаа хууль ёсны эрх, ашиг сонирхлыг тууштай хамгаална гэж Ван Вэньбинь хэлээд, АНУ-ын Засгийн газар Хятадын цэрэг-иргэний интеграцийн бодлогыг улс төрийн сэдэлтэйгээр гүтгэж, Хятадын аж ахуй нэгжүүдэд шахалт үзүүлснээр эрх мэдлээ урвуулан ашиглаж байна гэж мэдэгджээ.


“Ийм төрлийн үйлдэл нь зах зээлийн өрсөлдөөний зарчим болон олон улсын эдийн засаг, худалдааны дүрэм журмуудыг ноцтой зөрчиж байгаагаас гадна Хятад, АНУ-ын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагаанд ихээхэн саад учруулж байна” гэж тэрбээр хэлжээ.


Мөн хэвлэлийн төлөөлөгч алдаатай шийдвэрээ хүчингүй болгохыг АНУ-д уриалсан байна. 

Холбоотой мэдээ