Мөрөн суманд Хавдрын эрт илрүүлгийн төв барина

Орон нутагт | Хөвсгөл
gantuyaB@montsame.mn
2020-11-15 22:41:20

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирэх онд улсын төсвийн 1.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Хавдрын эрт илрүүлгийн төв барина.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан өнгөрсөн 4 жилийн хугацаанд "Эрүүл Хөвсгөлчүүд" аяныг санаачлан мэргэжлийн эмч нарын баг орон нутагт ажиллуулан 6000 орчим хүнд үзлэг хийж, 20 орчим хавдрыг эрт үед нь илрүүлж, эмчилгээнд хамруулсан байна. Жилээс жилд нэмэгдэж буй хавдрын өвчлөлийг эрт илрүүлж оношлох нь чухал байгаа учраас тус эмнэлгийг барих ажлыг санаачлан төсвийг нь улсын төсөвт тусгуулсан байна.

Тус аймагт өнгөрсөн 5 жилийн байдлаар 1316 хавдрын шинэ өвчлөл бүртгэгдэж 1017 хүн хавдрын улмаас нас барсан бөгөөд үүн дотор элэг, ходоод, уушги, улаан хоолой, умайн хүзүүний хавдар нийт нас баралтын 80 орчим хувийг эзэлж байгаа аж. Аймгийн хэмжээнд 2018 онд 689 хүн хорт хавдрын хяналтад байсан бол 2019 онд 703 хүн болж 14 тохиолдлоор нэмэгдсэн байна.

Холбоотой мэдээ