Хязгаарлаагүй салбарын ажилчид 06.00-22.00 цагт хөдөлгөөнд оролцоно

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-21 19:02:06
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УОК-ын шуурхай ажлын багийн өнөөдрийн хуралдаанаар хөдөлгөөн хязгаарлаагүй 11 салбарт хамаарах иргэдийн зорчих нийтийн тээврийн үйлчилгээг энгийн горимд шилжүүлсэн тухай Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн өнөөдөр мэдээлэв.  


Тодруулбал, нийтийн тээврийн автобус өглөө 07.00-10.00, орой 17.00-20.00 цаг хүртэл үйлчилж байсныг өөрчилж 06.00-22.00 цагийн хооронд иргэдэд үйлчилдэг болголоо. Мөн зайлшгүй ажилтай болон эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэн энэ цагаар хувийн автомашинаар зорчих эрх нь нээлттэй аж. Ингэхдээ заавал ажлын үнэмлэх, холбогдох бичиг баримттай хөдөлгөөнд оролцох шаардлага хэвээр үйлчилнэ. Мэргэжлийн байгууллагууд халдвар авсан иргэдийн ойрын болон дам хавьтлын хүрээг бүрэн зураглаж чадсан гэсэн мэдээ ирсэн тул дээрх шийвэрийг гаргажээ. Нөгөөтэйгүүр, нийтийн тээврийн зорчих цагийг уртасгаснаар нийтийн тээвэрт иргэдийг аль болох бөөгнөрүүлэхгүй байхад тустай юм. Гэхдээ энэ нь хөл хориог сулруулж байгаа хэрэг огт биш гэдгийг онцолж, иргэдийг шаардлагагүй тохиолдолд гэрээсээ гарахгүй байхыг санууллаа. 


Мөн УОК-оос 12 дугаар сарын 1-нээс байдал хэрхэхээс хамаарч 2-3 төлөвлөгөө боловсруулж байгааг мэдээлэлдээ тэмдэглэлээ.

Холбоотой мэдээ