МАН-ын 4 нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2016-05-27 16:12:19

Увс аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодорч, намууд аймгийн Сонгуулийн хороонд материалаа бүрдүүлж өгөөд байна.

Увс аймгийн Сонгуулийн хороо МАН-аас аймгийн ИТХ-д нэр дэвшиж буй 4 хүнийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, Улаангом сумын 11-р багт нэр дэвшигч С.Амараа болон Малчин суманд нэр дэвшигч Б.Гомбо, Наранбулаг суманд нэр дэвшигч Ю.Сайнжаргал, А.Хилэнбаатар нарыг бүртгэж авахаас татгалзжээ. Малчин, Наранбулаг сумдын нэр дэвшигчдийн хувьд сумдынх нь нэрийн өмнөх цифрийг буруу дугуйлсан гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзсан байна. Харин С.Амараагийн хувьд аймгийн МАХН-ын дарга байсан бөгөөд намаасаа гараагүй байж өөр намын өмнөөс нэр дэвшсэн гэдэг үндэслэлээр бүртгэхээс татгалзжээ.

Энэ асуудал дээр аймгийн МАН-ын хороо байр сууриа илэрхийлсээр байна. Аймгийн МАН-ын Сонгуулийн бэлтгэл, зохион байгуулалт хариуцсан хэлтсийн дарга У.Ганзориг хэлэхдээ: “Аймгийн Сонгуулийн хороонд албан ёсоор бичиг баримтаа бүрдүүлээд өгч байх явцад Сонгуулийн хорооны бүх гишүүд байлцаад нэг бүрчлэн бүртгэж авсан. Тэгэхдээ хүн тус бүр дээр нэг хуудас гаргаж ирээд бүрдүүлэх ёстой материалаа бүртгэж авсан. Тухайн үед Малчин сумыг 7-р тойрог, Наранбулаг сумыг 8-р тойрог гэж бүртгэж авсан бөгөөд одоо тэр материал нь аймгийн Сонгуулийн хороонд байгаа. Бидний зүгээс Увс аймгийн 19 сумыг үсгийн дарааллаар жагсааж бичсэн нь аймгийн Сонгуулийн хороотой зөрчилдөөн үүсэхэд хүргээд байна. Энэ талаар шүүхэд гомдол гаргасан. Хэрвээ шүүх хурал цаг хугацаандаа болбол бид ялах итгэл найдвар 100 хувь байгаа. Шүүхийн шийдвэр энэ долоо хоногтоо гарчихвал манай дөрвөн нэр дэвшигч цаашаа ажил үүргээ гүйцэтгэх боломжтой. Гэвч аймгийн Сонгуулийн хороо шүүхэд очиж тайлбар хийхгүй байна” гэсэн юм.

Нэр дэвшигч С.Амараагийн хувьд МАХН-аас гарах өргөдлөө өгсний дараа МАН-ын гишүүнээр албан ёсоор элсэж, батлах үнэмлэхээ авчихаад Улаангом сумын 11-р тойрогт нэр дэвшсэн байна. Монгол Улсын Дээд Шүүхийн 2006 оны 10-р сарын 30-ны өдрийн 48 тоот тогтоолд “Намын дүрэмд заасны дагуу намын гишүүнчлэлээс татгалзах өргөдөл гаргасан бол намаас гарсан гэж үзнэ” гэдгийг үндэслэн аймгийн МАХН-ын хороонд албан ёсоор өргөдлөө өгч намаас гарсан хэмээн С.Амараа тайлбарлаж байна. Гэвч аймгийн Сонгуулийн хороо түүнийг МАХН-ын анхан шатны нэгжээсээ хасагдаагүй гэж үзэж байна.

Аймгийн Засаг дарга Д.Цэндсүрэн, Хурлын дарга Ч.Чимэд нар өрсөлдөж буй тойрог дээрээ зориуд МАН-ын нэр дэвшигчгүйгээр ганц ганцаараа очиж сонгогдох гэсэн ядсан аргыг хайгаад байна хэмээн аймгийн МАН-ын хороонхон хардаж байна.

Энэ асуудлаар аймгийн МАН-ын хорооныхан жагсаал цуглаан хийхээр болж Улаангом сумын Засаг дарга О.Ганхуягаас удаа дараа зөвшөөрөл хүссэн боловч татгалзсан хариу өгсөн аж.

Увс аймаг Б.Батхүү

 

Холбоотой мэдээ