“G20” коронавирусний вакциныг тэгш хуваарилах үйл явцыг санхүүжүүлэхээр төлөвлөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-11-22 11:06:16

МОСКВА. /TASS/. "G20" буюу “Хорийн бүлэг”-ийн орнуудын удирдагчид ням гарагт үргэлжлэх цахим дээд хэмжээний уулзалтын үеэр коронавирусний вакцин, эм бэлдмэл, түүнчлэн коронавирусний оношлуурыг дэлхий даяар тэгш хуваарилах ажлыг санхүүжүүлэх үүргийг хүлээхээр төлөвлөж байна. Энэ тухай “Reuters” агентлаг “G20”-ийн хамтарсан мэдэгдлийг төслөөс иш татан мэдээлжээ.


Үүнээс гадна, “G20”-ийн удирдагчид ирээдүйд гарч болзошгүй цар тахлын эсрэг илүү сайн бэлтгэл хийхээ амлахаар төлөвлөж байна.  Баримт бичгийн төсөлд дурдсанаар, тэд “дэлхий нийтээр цар тахалд бэлэн байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх, урьдчилан сэрэмжлүүлэх, илрүүлэх, хариу арга хэмжээ авах механизмыг хөгжүүлэхийн зэрэгцээ чухал холбогдолтой, ил тод, стандартчилагдсан өгөгдөл, мэдээллийг тасралтгүй хуваалцах” үүргийг хүлээх аж.


Саудын Арабын хаан Сальман бен Абдель Азиз Аль Саудын даргалж буй “G20”-ийн цахим дээд хэмжээний уулзалт бямба гарагт эхэлсэн билээ. Уулзалтын үеэр цар тахлаас үүдэлтэй хямралын дараа дэлхийн эдийн засгийг сэргээх асуудлыг хэлэлцэж буй юм. Коронавирустэй холбоотой асуудлуудаас гадна “G20”-ийн удирдагчид инноваци, эрүүл мэндийн салбарыг бэхжүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг дэмжих зэрэг бусад олон асуудлыг хэлэлцэж байна.


Энэ жил “G20”-ийн орнууд цар тахлын үр дагавартай тэмцэх хэд хэдэн арга хэмжээг хэдийнэ авсан юм. Тодруулбал, коронавирусний вакцины үйлдвэрлэл, түгээлтийг дэмжих зорилгоор дэлхийн эрүүл мэндийн тогтолцоонд 21 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шийдвэрлэжээ. Түүнчлэн дэлхийн эдийн засгийг сэргээхэд 11 их наяд ам.доллар гаргасан байна.


Холбоотой мэдээ