Б.Буджаргал хэт холын гүйлтэд түрүүлэв

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2020-11-23 11:07:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” /Флоридагийн Икарусын хэт холын гүйлтийн фестивал АНУ 6 / зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн 11 дүгээр сарын 16-22-нд болж аваргаа шалгаруулав.


Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал өрсөлдөж эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар тэргүүн байр эзэллээ.


Энэ нь түүний хувьд олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн юм.

Энэ удаа “Гүйлтийн бурхан” Янис Куросын дэлхийн рекордыг эвдээгүй ч Б.Буджаргал тус тэмцээний дээд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиулсан байна.  


Тэмцээний тухайд онцлон хэлэхэд, Нью-Йорк болон Азийн тэмцээний замууд тэгш бол Флоридагийн уралдааны зам өгсүүр, уруутай учраас тамирчнаас ихээхэн хүч, тэвчээр шаарддаг юм байна. Өгсөхөд их ядраадаг, уруудахад үрэлттэй байдаг тул манай тамирчин энэ удаагийн тэмцээнд хөлийн цэврүү нь гурав дахин их байсан аж.


Энэхүү олон өдрийн гүйлтийн тэмцээн бол тамирчин хүний тэсвэр хатуужил, хүч чадлаас гадна сэтгэлийн тэнхээг шалгадаг. Олимпын марафоны 42 км зайд гүйхэд 80 хувь нь булчин шөрмөс, 20 хувь нь сэтгэл зүй хэрэгтэй бол олон өдрийн гүйлт нь эсрэгээрээ 80 хувь нь сэтгэл зүй, 20 хувь нь биеийн хүч байдаг байна.


Дэлхий нийтийг түгшээсэн “COVID-19” цар тахлын энэ үед Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчлан таниулснаараа онцгой үйл явдал болж байна.


Ташрамд дуулгахад, Хүний тэсвэр хатуужлыг шалгадаг олон улсад нэр хүндтэй энэхүү тэмцээний эхлэлийг тавьсан хүн бол Энх тайвны нэрт зүтгээлтэн Шри Чинмой юм. Тэрбээр 1931 онд Энэтхэгийн Бенгал мужид мэндэлсэн бөгөөд 1964 онд Нью Йорк хотноо ирж суурьшжээ. Тэрбээр 2007 онд таалал төгсөх хүртлээ Нью-Йорк хотноо амьдарсан билээ. 1987 онд Шри Чинмой олон улсын хэмжээнд, эгэл жирийн хүмүүсийн дунд тэднийг нэгтгэхийн төлөө Нэгдлийн гэр-Энх тайвны гүйлтийг анх удаа зохион байгуулжээ. Энэ гүйлтийг зохион байгуулснаас хойш дэлхийн 140 гаруй улсад зохион байгуулагдсан юм. 2005-2012 онд Эв найрамдлын гүйлт нэртэй байсан Энх тайвны гүйлт улс төр, мөнгө босгох үйл ажиллагаатай огт холбоогүй бөгөөд харин хүмүүст илүү тайван, илүү эв нэгдэлт хорвоо ертөнцийг бий болгох талаар өөрийн хүсэл мөрөөдөл, найдвараа илэрхийлэх боломжоор хангах зорилготой аж. 

Холбоотой мэдээ