Явган зорчигч болон тээврийн хэрэгслийг QR системээр бүртгэлжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2020-11-23 15:59:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар өнөөдөр 14 цагт мэдээллээ.


Нийслэлийн Засаг даргын Инноваци, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр: “Улсын онцгой комиссын гаргасан шийдвэрийн хүрээнд, Нийслэлийн нийтийн тээврийн цагийн хуваарийг энгийн горимд шилжүүлсэн. Нийтийн тээвэр хязгаарлалтын цаггүйгээр 92 чиглэлд өглөө, оройн ачаалалтай цагуудад 860, өдрийн цагаар 440 тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явж байна. Тээврийн хэрэгслээр зөвхөн хязгаарлалтад хамаарахгүй, зөвшөөрөгдсөн 13 чиг үүргийн байгууллагын ажилтнууд зорчих бөгөөд мөн зайлшгүй эмнэлэгт үзүүлэх, диализын аппаратад ордог, химийн эмчилгээ хийлгэдэг зэрэг 1700 орчим иргэд нийтийн тээврээр үйлчлүүлэх юм. Ачаалал ихтэй 34 байршлын зогсоол дээр хяналтын ажилтнууд ажиллаж иргэддэд заавар, зөвлөмж өгч чиглүүлж байгаа. Бид өнгөрсөн 7 хоногоос явган болон авто машинаар зорчигчдод QR системийг нэвтрүүлж ажиллаж байна. Гудамж талбайгаар явган зорчиж байгаа болон 13 чиг үүргийн байгууллага, хамгаалалтын албаны ажилчин, ажилтнууд, мөн угтах үйлчилгээний албаны хүмүүсийг QR системээр бүртгэлжүүлснээр халдварын сэжигтэй тохиолдол гарахад тухайн хүнийг болон 1, 2, 3 дугаар хавьтагчдыг шуурхай илрүүлэхэд маш хялбар болох юм. Мөн дээр дурдсан 1700 иргэнд автомашины QR системээр хангаж байгаа.



Өнөөдөр авто машинаар зорчигчдын QR системийг нэвтрүүлээд 11 мянга орчим тээврийн хэрэгсэл бүртгэгдээд байна. Нийслэлийн 408 аж ахуйн нэгж, компанид хүнсний нөөцийн судалгаа тогтмол хийгдэж байгаа. Хүн амын усан хангамжийн асуудалд онцгой анхаарч гэр хорооллын зөөврийн ус түгээх 354 байр, төвлөрсөн усан хангамжинд холбогдсон 323 цэг хэвийн ажиллаж байна. Хотын цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйтгэлийн чиглэлээр 14 компанийн 31 машин 63 ариутгагч гэрээт байгууллагуудад тогтмол ажиллаж байна. Мөн нийслэлийн 9 дүүргийн 21 ТҮК-ийн 212 машин, 329 ачигч, зам талбайн 751 үйлчлэгч ажиллаж 92 рейсээр 3700 тонн хог хаягдлыг тээвэрлэн хогийн цэгт хүргэжээ. Халдварын эрсдэлт байдлыг харгалзан мал амьтнаас халдварлаж болзошгүй хэмээн үзэж золбин нохой, муурын устгалын 3 компани. Шуурхай штабын 11-324207, 11-321731 тоот утсанд нийт 744 санал, хүсэлт ирсэнийг түргэн шуурхай шийдвэрлэх хариу арга хэмжээ авч ажиллалаа” гэлээ.     

Холбоотой мэдээ