Ази, Номхон далайн бүс нутгийн багш нарын цахим чуулган болж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2020-11-25 13:19:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2014 оны 12 дугаар сараас хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулж буй Ази, Номхон далайн бүс нутгийн багш нарын SSAEM чуулган уулзалтыг 2020 оны 11 дүгээр сарын 24-26-нд ZOOM MEETING программыг ашиглан цахимаар зохион байгуулж байна.


2012 оноос хойш БНСУ-ын Боловсролын Яам, ЮНЕСКО-гийн Ази, Номхон далайн Олон улсын ойлголцлын боловсролын төвөөс “Олон улсын багш солилцооны хөтөлбөр”-ийг Монгол, Тайланд, Вьетнам, Филиппин, Камбож, Малайз, Индонез гэсэн улстай тасралтгүй 8 жил хамтран зохион байгуулсан. Харин 2020 онд дэлхий даяар тархсан коронавирусний цар тахалтай холбоотой багш нар тухайн улс орны сургуулиудад очиж харилцан туршлага судлах боломж хумигдсан билээ.


Тус чуулганд 2012-2019 оны хөтөлбөрт хамрагдсан багш нар, хөтөлбөрийг хэрэгжүүлэгч талууд болон Ази, Номхон далайн бүс нутгийн багш нар оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлж БШУЯ-ны Сургуулийн өмнөх боловсролын газрын дарга Ж.Мягмар, БШУЯ-ны Олон улсын хамтын ажиллагааны газрын мэргэжилтэн О.Оюунбилэг болон БМДИ-ийн Гадаад харилцааны мэргэжилтэн Г.Тэлмэн нар оролцож байна.


Тус чуулган нь жил бүр оролцогч багш нарт болон оролцогч талуудад боловсролын инновац, хамтын ажиллагаанд үзүүлэх нөлөөг харуулах, цаашдын хэрэгжилтийн чанарыг сайжруулах, эрэл хайгуул хийх боломжийг олгодгоороо онцлогтой юм.


Ташрамд дурдахад, тус хурлын нээлтэд зориулан оролцогч орнуудын багш нар хамтран High School Musicalнайрал дууг цахимаар дуулсан бөгөөд Монгол Улсаас Завхан аймгийн Лаборатори 1-р сургуулийн Дуу хөгжмийн багш Ч.Мөнхбаяр бусад орны багш нартай хамтран дуулжээ.

 

Холбоотой мэдээ