Б.Пүрэвдорж: НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төслийг буцаасан нь ойлгомжгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-27 11:19:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж хуулийн төслүүдийг нь буцаасан асуудлаар тайлбар авав.


Тэрээр үг хэлэх хүсэлтээ монгол бичгээр уламжилсныг УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулаад түүнд үг хэлэх эрх олгов. 


УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, "Өнгөрсөн баасан гарагт УИХ-ын даргын зөвлөлийн  хуралдааны шийдвэр бүх хэвлэлээр цацагдсан. Миний өргөн мэдүүлсэн хоёр хуулийн төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад орсон байсан. Тодруулбал, НӨАТ-ыг 5 хувь болгох хуулийн төсөл байсан юм. Үйлдвэрлэлийн үе шат бүрт НӨАТ авч байгаа нь иргэдийн орлого зогссон энэ үед ямар шалтгаантай уг хуулийн төслийг татсан нь ойлгомжгүй байна. Мөн Онцгой албан татварын тухай хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. Энэ нь хуурамч шатахуунтай тэмцэх байсан юм" хэмээв. 


УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын Тамгын газарт хэлэлцүүлгийн шаардлага хангахгүй гэсэн шалтгаанаар дээрх хоёр хуулийн төслийг хэлэлцэхийг хойшлуулсан гэсэн тайлбар өгөв. 


УИХ-ын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Э.Түвшинжаргал, "Долоо хоног бүр УИХ-ын даргын зөвлөл хуралдаж УИХ-аар хэлэлцэх асуудын жагсаалтыг олонхоор баталдаг. Өнгөрсөн долоо хоногт цахимаар хуралдаж гишүүний гаргасан саналыг эцэслэн шийдвэрлээгүй тул зөвлөлийн бүх гишүүний санал хураалтыг үндэслэн товыг шинэчилсэн. Тиймээс энэ долоо хоногийн хуваариас хойшилсон" хэмээв.

Холбоотой мэдээ