Ш.Оргил: УОК-ын шийдвэрээр бид аймагтаа иргэдээ хүлээн авна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2020-11-30 20:39:33

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Энэ өдрийн мэдээллийн эхэнд Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ш.Оргил ташаа мэдээлэлд тодруулга өглөө.

Учир нь Дарханд байгаа иргэдээ Сэлэнгэ аймаг авахгүй гэсэн мэдээлэл өчигдөр цахим орчинд тархаад байсан. Үүнтэй холбогдуулан тэрээр: ”Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссоос халдварын голомттой зургаан аймгийг нэрлэсэн байгаа. Эдгээр аймгуудад Сэлэнгэ, Дархан-Уул аймаг хоёулаа орсон байгаа. Тиймээс ч эдгээр аймгуудад 12-р сарын 07-ныг хүртэл гадагш гаргах, гаднаас оруулах иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг хориглосон шийдвэр хэвээр үргэлжилж байгаа. Аймгуудын Онцгой комиссууд Улсын Онцгой комиссын гаргасан шийдвэрийг өөрийнхөө харьяалсан орон нутагтаа ягштал мөрдүүлэх үүрэгтэй байдаг. Түүнээс биш аль нэгэн аймаг дангаараа шийдвэр гаргаад бусад аймгийнхаа иргэдийн эрх ашиг. Цаашлаад УОК-ын шийдвэрийг зөрчөөд байх хууль эрх зүйн орчин байхгүй. Тэгээд ч төрт ёсны зарчимдаа нийцэхгүй ээ. Сэлэнгэ аймаг бол УОК-ын шийдвэрийг л аймгийнхаа нутаг дэвсгэрийн хэмжээнд бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байгаа. Энэ бол бидний үүрэг. Дарханд байдал ямар байгаа билээ. Бүгд л мэдэж байгаа. Дарханд хөл хорионд байгаа хэдэн иргэдийн эрх ашиг чухал уу, одоогоор тохиолдол бүртгэгдээгүй тайван байгаа сумдын 5000, 10000 иргэдийн эрх ашиг чухал уу гэдгийг дор бүрнээ бодох ёстой. Дарханд байгаа иргэдийн тухайд Сэлэнгэ аймаг авахгүй гэж манай баг хамт олны зүгээс хэлээгүй гэдгийг би аймгийн Онцгой комиссын өмнөөс албан ёсоор хэлье. Хаанаас ийм яриа гараад байгааг хэлж мэдэхгүй байна. Харин Дарханд байгаа иргэд урьдчилсан болон PCR шинжилгээндээ хамрагдаж, УОК-ын шийдвэрээр хэзээ манай аймагт иргэдийн шилжилт хөдөлгөөн хийхийг зөвшөөрсөн шийдвэр гарна, тэр үед л бид аймагтаа хүлээн авах боломжтойг ойлгох ёстой” хэмээн мэдэгдлээ. 

Холбоотой мэдээ