Г.Уртнасан: Хот руу чиглэсэн их урсгалыг сөрж, Хулд суманд гэр кофешоп, хоолны газар нээсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2020-12-02 12:50:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Хулд сумын урд захад гэр кофешоп ажиллаад удаагүй ч сумын иргэд, явуулын жолооч нар, зорчигчдын орох дуртай газар болжээ. Монгол гэрийг тун өвөрмөц загвар, дизайнаар засч, эко байдлаар тохижуулсан нь сонирхол татсан юм.

Энэхүү бизнесийг эрхэлж яваа эмэгтэйтэй уулзаж ярилцах завшаан тохиож, чухам яагаад хөдөө газарт ийм бизнес эрхлэх санаа төрж, түүнийгээ хэрхэн хэрэгжүүлж явааг нь сонирхлоо. Түүнийг Ганзоригийн Уртнасан гэдэг. 


-Энд ирж, ийм бизнес хийх санаа хаанаас төрөв, юу та хоёрыг хөдөө нутагт дуудсан бэ?

-Манай нөхөр Улаанбаатарын хүн, Б.Төгөлдөр гэдэг. Би өөрөө Дундговийнх, гэхдээ Хулд сумыг сайн мэдэхгүй л дээ. Яг юунд татагдаад ирснээ яривал сонин түүх болно байх. Учир нь бид хоёр ингэж л шийдсэн.

Улаанбаатар хотод амьдарч байхдаа сонсголын бэрхшээлтэй хүмүүсийн хийсэн урд талдаа хоёр том цонхтой, 10 ханатай гэрийг бид хоёр үзэж сонирхсон юм. Тэр гэр маш их таалагдсан. Тэгээд залуу хүмүүс чинь мөрөөдлөө яриад л, тэр гэрийг бас эргэж дурсаад л байж байх үед нөхөр маань нэг л өдөр “ерөөсөө хоёулаа хөдөө явъя, бүх залуус хот руу явж байна. Эсрэгээрээ хоёулаа хөдөө явъя. Яагаад хөдөө очоод сайхан амьдарч болохгүй гэж, яагаад хот руу чиглэсэн энэ урсгалыг сөрж болохгүй гэж, үр хүүхдийнхээ эрүүл мэндийг ч бодъё” гэж хэлсэн. Тэгээд л бид шийдвэрээ гаргасан юм.

-Бизнес хийхэд “байршил” маш чухал байдаг. Байршлаа сонгохын тулд та хоёрт юу тусалсан бэ, ямар мэдээлэлд үндсэлж байрлалаа сонгов доо?

-Бид хоёр судалгаа их хийсэн. Дундговиос Өмнөговь хүрэх зам дагуу сум бүрээр орж, Дэлгэрцогт, Сайнцагаан, Луус сум гээд л судалж үзсэн. Хулд суманд тэр үед ямар нэг хоолны газар байхгүй байсан. Тэгээд ч энэ газар их таалагдсан, ингээд л Хулд сумыг сонгосон доо.

-Суманд ийм бизнес эрхлэх нь их шинэлэг санагдлаа.

-Миний хувьд МУИС төгссөн. Нэг хэсэг Туркт байж байгаад, Дархан, Улаанбаатар хотод ажилласан. Тэгээд 2019 оны гуравдугаар сард нөхөртэйгээ ярилцаж шийдвэр гаргаад Хулд суманд нүүж ирсэн.

Би өөрөө солонгос хэлний орчуулагч л даа. Орчуулагч хийдэг байж байгаад, хүүхэд гаргаад ажил маань нэлээд тогтворгүй болж ирсэн. Тэгээд хувийн салбарт ажиллаж, бизнес эрхэлж үзье гэж хоёулаа ярилцаад шийдчихсэн байсан.

Монгол гэрийг тохижуулаад “Кoffee shop” хоолны газрыг хослуулан үйлчилгээ үзүүлж байна.

Манай нөхөр “дизайнер” мэргэжилтэй. Зураг зурна, монгол таталган бичиг бичнэ, график бичнэ, оёж шиднэ, янз янзын юм их хийнэ, гартаа дүйтэй, маш их авьяастай.

Тэгээд нөгөө дурлаж авсан 10 ханатай мөртлөө хаалганыхаа хоёр талд хоёр том цонхтой гэрээ авчирч тохижуулсан. Жирийн нэг гэр гуанзаас арай өөр, өвөрмөц, тав тухтай байдлаар тохижуулах гэж хичээсэн. Нөхөр маань доторх бүх тавилгаа өөрөө хийж, мод, олс зэргийг ашиглан эко байдлаар шийдсэн.

Кофе маань бол яг үрийн кофег ашигладаг. Солонгосоос үрээ яг ногооноор нь оруулж ирж, өөрсдөө бага багаар хуурч, жинхэнэ кофе чанаж үйлчилдэг.

Гэрийн урд хоёр цонхоор орчин их сайхан харагддаг. Тэнд суугаад кофе уугаад, тухлах юм бол маш гоё амралт болдог.

Мэдээж дан кофе үйлчилгээ ашигтай байж чадахгүй, тиймээс хоол бас хийдэг. Манай хоолнууд арай өвөрмөц. Ер нь хөдөө байдаг хоолны газрууд чинь ихэнхдээ л уламжлалт хоолууд гаргаж байх шиг байдаг. Бид хоёрын хувьд Улаанбаатарын ресторанд хийдэг бүх л хоолыг гаргахыг хичээдэг.

-Хөдөө нутагт жинхэнэ чанадаг кофе гэхээр их сайхан санагдаж байна. Манай орон нутгийн иргэд тийм кофе ууж сайн хэвшээгүй, хэрэглээ болоогүй байгаа шүү дээ.

-Харин тийм. Кофены соёл чинь ер нь бол хотын соёл байдаг юм байна. Одоогийн байдлаар хөдөө орон нутагт хүмүүс нэг их сайн мэдэхгүй, кофег ууттай кофегоор л төсөөлдөг, мэддэг. Тийм болохоор бид хоёр тэр байдлыг нь өөрчилж, хөдөөд, монгол гэртээ хотын соёлыг нэвтрүүлэхийг зорьж байгаа юм.

Гэхдээ нэг үеийг бодвол хүмүүс кофе уудаг болж байна. Ялангуяа Өмнөговь явж байгаа том оврын машины жолооч нар, мөн уул уурхайн компаниудын захирал, менежерүүд гээд хойшоо, урагшаа их явдаг юм байна.

Тэд нар замдаа тухлаад, кофе ууж суух их сонирхолтой байдаг юм байна лээ. Манайхыг мэддэг болж байна.

Том тэрэгний жолооч нар машинаа жолоодоод явж байхдаа нойр нь их хүрдэг юм байна лээ. Тэгээд анх нойр сэргээх юм юу байна гээд ороод ирдэг байсан. Манайхыг энд үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш их үйлчлүүлдэг болж байна.

Суманд ч гэсэн манай кофег хэрэглэж сурч байна, сонирхож орж ирээд жинхэнэ үрийн кофе ямар байдгийг ууж үзээд энэ соёлд суралцаж байна.

-Уг нь гадаадын жуулчид явж эхэлвэл их үйлчлүүлэх байх даа, жуулчид хүлээж авч байсан уу?

-Энэ жил корона гээд жуулчид байхгүй байна. Жуулчид явж байх үед гадаадын жуулчид манайхаар үйлчлүүлэх их дуртай байсан. Монгол гэр, тэгээд монгол гэр дотор ороод суухаар байшин шиг том цонхтой, орчноо тольдох боломжтой, монгол гэрт жинхэнэ үрийн кофе байж байхлаар тэд нарын сонирхлыг маш их татдаг.

-Шинэ бизнес, тэгээд шинэ газар, таньж мэдэхгүй хэрэглэгчид гээд бодохоор та хоёр их зориг гаргасан байна. Яг ийм байдлаар бизнес санаагаа хэрэгжүүлэхэд бэрхшээл учирч байсан уу?

-Шинээр бизнесээ эхэлсэн болохоор багагүй бэрхшээл учирдаг шүү. Бид хоёр залуу гэр бүл болохоор ний нуугүй хэлэхэд хурааж хуримтлуулсан юм байгаагүй. Тэгээд байраа барьцаанд тавиад л зээл авсан.

Ажлаа эхлээд жил гаруй хугацаанд ажиллах явцад мөнгө санхүүгийн бэрхшээл их л учирч байна. Ядахдаа энэ жил говьд нөөлөг салхи хэд хэд гарч, нэг гэрээ салхинд нурааж, тэгээд түүнийгээ янзалж чадахгүй байж байх үедээ ХХҮГ-ын “Старт-ап” хөтөлбөрт оролцож, шалгараад 10,0 сая төгрөгийн санхүүжилт авч, нурсан гэрээ босгосон.

Том гэр маань өвөл дулаацахад жаахан хэцүү байсан учраас бас дулаалгын материал аваад өнгөрсөн жил их сайхан дулаахан өвөлжсөн.

Энэ жил сумынхаа СХС-аас бас  зээл авсан. Ер нь бол шинэ бизнес учраас зээлээр л хөдөлж байна даа.  

-Санхүүгийн бэрхшээлээс гадна ямар нэг асуудал тулгамдаж байсан уу?

-Аймгийн МХГ-аас манай үйл ажиллагааг хоёр удаа хаасан. Мэдээж хууль журмыг дагаж мөрдөх нь бидний үүрэг л дээ. Гэхдээ нэг өдөр л хааж, үйлчилгээгээ үзүүлэхгүй болохоор бид чинь хэрэглэгчдээ алдах, санхүүгийн алдагдалд орох гээд том эрсдэлтэй тулгарч байгаа юм. Үүнийг төрийн байгууллагын ажилтнууд ойлгодоггүй. Бид зээлээ төлж чадахгүй хэцүү байдалд ордог.

Тэгэхээр хугацаатай үүрэг өгөөд, зөвлөж туслаад эргээд хяналтаа тавиад явж байвал бизнесийн хувьд дөнгөж хөлд орох гээд ганц нэг алхаж байгаа бид нарт их л тустай, дэмтэй байхсан гэж боддог юм.

-Нөөлөг салхинд гэрээ унагаж, МХА үйл ажиллагааг чинь хаахад шантрах үе байсан уу?

-Шантрах үе гардаг л даа, гэхдээ бид хоёрт “шантрах эрх байхгүй”. Бид хоёр энэ ажлаа больчихвол яах билээ, юу хийх вэ, дахиад л шинэ юм эхлүүлэхэд цаг хугацаа орно, илүү их мөнгө орно. Үр хүүхдийнхээ төлөө нэгэнт эхэлсэн ажлынхаа оройд гартал зүтгэнэ гэж боддог.

Суманд газраа авах гэж жил гаруй хөөцөлдсөн. Уг нь бид хоёр их сайхан сэтгэл өвөрлөж ирээд эхэндээ жаахан бэрхшээлтэй тулгарсан. Мэдээж тэр нутагт таних, мэдэх нэг ч хүнгүй улсууд чинь тэр нутгийнх болтол бас хугацаа шаарддаг юм байна лээ. Гэхдээ өөрсдөө болон бизнесээ хүмүүст таниулаад ирэхээр аяндаа тэр орон нутгийн иргэдийн дунд ордог юм байна.

Нөхөр маань кофенд маш их дуртай. Бид хоёр Туркт хоёр жил ажилласан. Тэгээд “хөдөө ч гэсэн сайн бизнес эрхэлж болно гэдгийг хүмүүст харуулъя” гэсэн том зорилготой ирсэн улсууд чинь замын дундаас няцвал цаашдаа яаж амьдрах билээ дээ.

-Ийм том зорилготой, сайхан хүсэл тэмүүлэлтэй та хоёрт бизнесээ өргөжүүлэх, хөгжүүлэх төлөвлөгөө байгаа байх. Түүнийгээ хуваалцаач.

-Бид хоёр хүн сайн танихгүй болохоор тэрүүхэн тэндээ л эргэлдээд байжээ. Тэгээд ХХҮГ-ын “Старт ап” хөтөлбөрт хамрагдахаар ирэхдээ сургалт зөвлөгөөнд оролцох хэрэгтэй юм байна гэдгийг ухаарсан.

Хоёулахнаа л хоорондоо яриад, өмнө нь хөгжилтэй оронд ажиллаж амьдарч байсан болохоор тэр мэдлэг туршлагадаа л үндэслэж, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж явсан байна гэдгээ ойлгосон. Саяхан аймагт болсон “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн зөвлөгөөн”-д оролцоод боломжууд байдаг гэдгийг мэдэж авсан. Санхүүгийн боловсрол их хэрэгтэй байна.

Цаашдаа “монгол гэр“ онцлогоо аваад явах боломжтой. Хоолны гэрээ байшин болгож, эко ариун цэврийн газар байгуулах, маш гоё өвөрмөц, монгол уламжлалаа харуулсан зочид буудалтай болохыг хүсдэг. Мөрөөдөл их байна, мөрөөдлийнхөө үзүүрээс атгаад л явж байна даа.

Жижиг зээл аваад дэмжлэг болж байгаа ч тэр нь байшин барих хөрөнгө оруулалт хийхэд хүрэлцдэггүй л дээ. Тэгэхээр урт хугацааны бага хүүтэй хөрөнгө оруулалт хийхэд хүрэлцэхүйц санхүүжилт хэрэгтэй л байгаа.

-Хотоос хөдөөг зорьж, шинэ газар нутагт, шинэ хүмүүсийн дунд, шинэ бизнес эхлүүлсэн залуу хүмүүсийн хувьд та хоёрт маш их талархаж байна, олон залууст үлгэр дууриал болох байх аа.

-Залуучууд сэтгэж чадаж л байвал заавал хот гэхгүй хаана ч сайхан амьдрах боломж байгаа. Хамгийн гол нь хүүхдүүдийнхээ эрүүл мэндийг бодох ёстой гэж боддог. Хөдөө бол агаар нь сайхан, хүмүүс нь ч сайхан, стресс байхгүй, стресс байхгүй байна гэдэг чинь эрүүл байхын үндэс. Хөдөө ногоо тариад, хүссэн хөдөлмөрөө хийгээд, орлогоо нэмэгдүүлэх боломж байдаг. Хот орохоор бол хаяадаа орж, гэр бүлээрээ хамт хоол идчихээд, жаахан зугаалчихаад л хүрээд ирдэг. Хөдөө амьдрах үнэхээр сайхан шүү.

Залуучууд маань хөдөө ирж хотын соёлыг түгээж чадвал Монгол Улс маань хөгжинө гэж боддог.

 -Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Холбоотой мэдээ