АН: Цар тахлын хуулийн харилцааг боловсронгуй болгох ёстой

Монголын мэдээ | Улс төр
munkhbaatar@montsame.gov.mn
2020-11-30 18:03:23
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдаж Коронавируст халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар боловсруулсан хуулийн төслийг хэлэлцэв.


Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй дээрх хуулийн үйлчлэл энэ онд, тодруулбал 2020 оны 12 дугаар сарын 31-нд дуусна. Тиймээс зөвхөн  хугацааг сунгах бус, хууль хэрэгжих явцад үүсэж байгаа харилцааг улам боловсронгуй болгох, хамгийн гол нь хувь хүний эрхийг  хуулиар баталгаажуулж өгөх ёстой гэж УИХ дахь Ардчилсан намын бүлэг үзэж байна. Мөн шийдвэр гаргагчдын буруу шийдвэрээс  учирсан хохирлыг хэрхэн арилгах, хариуцлагын асуудлыг тодорхой болгохоор санал гаргажээ. 


Нэмэлт өөрчлөлтийн төсөлд дараах зохицуулалтыг тусгалаа. Тухайлбал, гадаадаас  буцах хүсэлт гаргасан иргэдийн эх орондоо ирэх, улсын хилээр нэвтрэх үндсэн эрхийг баталгаатай болгох,  короновирусний халдвар авч өвчилсөн иргэдийн хувийн мэдээллийг нууцлах заалт оруулав. Түүнчлэн ипотекийн зээлийн эргэн төлөлтийн хугацааг үндсэн болон хүүгийн үлдэгдэл хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр хойшлуулах, зээлийн гэрээг сунгах асуудлыг Монголбанк Засгийн газартай хамтран хэрэгжүүлнэ. Өмчийн хэлбэр үл харгалзан  сургалтын төлбөрөөс гадна дотуур байрны төлбөрийг хойшлуулах, дараагийн төлбөрт шилжүүлэх нөхцлийг бүрдүүлнэ. Үндэсний цахим мэдээллийн сан бүрдүүлэх, гаднын зээл тусламжийг Засгийн газар тусгай сан байгуулан байршуулж Тусгай сангийн тухай хуулийн дагуу зарцуулж ашигладаг байх талаар хуульчлах шаардлагатай. Түүнчлэн хатуу хөл хорионы үеэр иргэний хууль зүйн туслалцаа авах эрхийг баталгаажуулахаар тусгав. Учир нь хөл хорионы үеэр өмгөөлөгчөөр өмгөөлүүлэх эрхээ хангаж чадахгүй, өмгөөлөгчгүй шүүх хуралд оролцох зэрэг эрх нь зөрчигдсөн тохиолдол гарсан. Тиймээс хувь хүн хууль зүйн тусламж авах эрхийг хуулиар баталгаажуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.


Үүнээс гадна дээрх хуулийн хэрэгжилтийн талаарх албаны хүмүүсийн мэдээллийг сонсож, УИХ дахь Ардчилсан намын бүлгээс Улсын онцгой комисст өгөх зөвлөмж  гаргаснаа албан ёсоор хүргүүлэх боллоо.  Мөн Хөл хорионы үеийн бизнесийн нөхцөл байдлын судалгааны үр дүн болон “COVID-19”-ын үед бизнесээ эргэн сэргээх талаар МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин танилцууллаа.  


Эцэст нь, Ерөнхийлөгчийн 2021 оны улсын төсвийн тухай хууль болон дагалдан батлагдсан хуулиудад бүхэлд нь тавьсан хоригийн талаар хэлэлцэн дэмжив. Ерөнхийлөгч хоригтоо төсвийн нийт зардлыг 20 хувь бууруулж, эрсдэлийн сан байгуулах, төсвийн хэмнэлтээр бий болсон хөрөнгийн тодорхой хувийг халдварын эсрэг вакцин худалдан авахад зарцуулах талаар тусгасан. Үүнээс гадна өрх бүрт нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэр аж ахуйн нэгж бизнесийг дэмжсэн мастер төлөвлөгөө боловсруулах зэрэг санал гаргаад байгаа юм. Харин Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцээд зарим нэр томьёог засаж хуульд нийцүүлэх, санал өгсөн сонгогчийн хуруунд бэхэн тэмдэглэгээ хийнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр спорт, урлагийн тоглолт бусад бооцоот сугалаат арга хэмжээ явуулахгүй.  Сонгогчийн нэрсийн жагсаалт дахь мэдээллээ иргэн шалгаж, өөрийн оршин суугаа хаяг дээрх сонгуулийн насны гэр бүлийн гишүүдийнхээ мэдээллийг хянах боломжоор хангана. Мөн  “Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал өгч байгаа иргэнд энэ хуулийн 57.10 дахь хэсэгт заасан этгээдүүд хөндлөнгөөс нөлөөлөхийг хориглоно” гэдэг заалт нэмэх зэрэг санал орууллаа.

Холбоотой мэдээ