Иргэд аймаг, сум хооронд зорчихдоо албан ёсны зөвшөөрөл авна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2020-12-01 12:57:35

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Онцгой комисс 11 дүгээр сарын 30-нд хуралдав. Энэ үеэр коронавирусний халдварын нөхцөл байдалтай холбогдуулан аймгийн Засаг дарга Боловсролын байгууллагуудын болон бусад үйл ажиллагааг түр зогсоох тухай А/742 дугаар захирамж гаргалаа. 

Үүнд  бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төв, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан хурал, сургалт, спорт тэмцээн, тоглоомын газрын үйл ажиллагааг 2020 оны 12 дугаар сарын 01-11-ний өдөр хүртэлх хугацаанд түр зогсоохоор болжээ.

Гэхдээ гоо сайхны худалдаа үйлчилгээний төв, үсчний газрын үйл ажиллагааг нээхээр болов. Үүнд эрүүл ахуйн шаардлага хангасан, дотроо ариун цэврийн өрөөтэй, нэгдсэн халаалтын системд холбогдсон, халдвар хамгааллын дэглэм сахисан газрууд хамрагдана гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Мөн зах, худалдааны төвийн хувьд хүнсний бүтээгдэхүүний борлуулалт хийнэ. Цахилгаан бараа, хувцас зэрэг бусад худалдаа үйлчилгээг нээхгүй аж.

Үүнээс гадна "Хязгаарлалт тогтоох тухай" аймгийн Засаг даргын А/740 дугаар захирамж гарснаар Ховд аймгийн нутаг дэвсгэрээс орох, гарах нийтийн болон хувийн тээврийн хэрэгсэл, иргэдийн зорчих хөдөлгөөнийг 2020 оны 12 дугаар сарын 01-11-ний өдөр хүртэлх хугацаанд хязгаарлахаар болов. Иймээс иргэд аймаг, сум хооронд зорчихдоо аймгийн Онцгой байдлын газраас албан ёсны зөвшөөрөл авах аж.

Түүнчлэн “Улаанбаатар хотод байгаа орон нутгийн иргэдийг татан авах ажлын багбайгууллаа. Тус ажлын багийг аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн удирдан ажиллах юм. Улмаар Улаанбаатар хотоос ирж буй иргэд Дарви сумын хяналтын цэг дээр шинжилгээ өгч нэвтэрнэ.

Мөн 12 дугаар сарын 4-ний өдөр онгоц бууна. Үүнтэй холбоотойгоор иргэдийн шинжилгээг "Ховд" нисэх буудал дээр авах аж. 


Холбоотой мэдээ