Буриадад халдвар 200 тохиолдлоор нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2020-12-01 18:53:57

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсад өнгөрсөн 2 хоногийн байдлаар "COVID-19"-ийн халдварын бүртгэгдсэн тохиолдол нийт 19 425 болоод байна. Үүнээс өнгөрсөн хоногт 260 хүн коронавирусээр халдварлав. 

Нийслэл Улаан-Үд хотод 10786  халдварын тохиолдол бүртгээд байгаагаас өнгөрсөн хоногт 94 хүн шинээр халдвар авсан байна. Буриад улсад нийт 14334 хүн эдгэрээд байгаа бөгөөд өнгөрсөн хоногт 282 хүн эмнэлгээс гарчээ. Өнгөрсөн хоногт 8 хүн эндэж, нийт 438 хүн "COVID-19"-ийн халдвараар эндээд байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны сайд Евгений Лудупова "COVID-19"-ийн халдвар авч эмчлүүлж байна. Өнөөдөр,  12 дугаар сарын 1-нд Буриад улсад 14 хоногийн хорио цээрийг цуцлах боловч амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих зэргээр халдвар хамгааллын дэглэм хэвээр үйлчилж байгааг иргэддээ сануулсаар байна. 

Тус улсад мөн ОХУ-ын Халимагийн Бүгд найрамдах улсаас халдвар болон тархвар судлаач, сэхээн амьдруулахын эмч, сувилагч нарын баг ирэн тусламж үзүүлж байна. Энэ талаар Халимагийн Засгийн газрын тэргүүн Бату Хасиков, "Энэ хэцүү цаг үед бид бүгдээрээ бие биедээ туслах хэрэгтэй.


Манай эмч нар коронавирусний халдвартай тэмцэх багагүй туршлага хуримтлуулсан. Тиймээс Буриадад туршлагаасаа хуваалцан тусалж байна” гэж мэдэгджээ. Халимагийн ЭМЯ-ны ахлах тархвар судлаач Оксана Курдюкова хэлэхдээ, Буриадад очиж буй эмч, мэргэжилтнүүдийн баг Халимагт "COVID-19"-ийн тархалтын эхний өдрөөс эхлэн ажилласан гэдгийг тодотгож, "Өнөөдрийн байдлаар Халимаг улс халдварын эсрэг тэмцэх туршлагатай болсон тул нөхцөл байдлыг гартаа оруулж чадсан” гэдгийг онцолжээ.


Холбоотой мэдээ