Гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийг эцэслэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай болон НӨАТ-аас чөлөөлөх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг явууллаа.
COVID-19 цар тахлын байдлыг урьдчилан төсөөлөх боломжгүй нөхцөлд хүнсний хангамжийн тогтвортой байдлыг хангах зорилгоор бүх төрлийн хүнсний будаа (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад), ургамлын тос болон 2020-2021 оны өвөлжилт, хаваржилтыг хүндрэлгүй давахад шаардагдах бүх төрлийн малын тэжээл, өвс, тэжээлийн үр, хүнсний улаанбуудай, улаанбуудайн үр, тослог ургамал, ургамлын түүхий тосыг импортлоход нэмэгдсэн өртгийн албан татвар болон гаалийн албан татвараас чөлөөлөхөөр дээрх хуулийн төслүүдийг боловсруулжээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт боловсруулсан ургамлын тос, бүх төрлийн хүнсний будааг (цагаан будаа, гурвалжин будаа, шар будаа, бусад) нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх зохицуулалт оруулжээ.
Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлэг явуулах үед гишүүдийн гаргаж дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналыг тусган эцсийн хувилбарыг боловсруулжээ. Дээрх хоёр хуулийн төслөлд зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй гэж хуралдаанд оролцсон гишүүдийн олонх үзлээ. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов. Хуулийн төслүүдийг маргаашийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар батална.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд “Монгол Улсын 2021 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг явуулав. Нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд тусган эцсийн хувилбарыг бэлтгэн, хуралдаанд оролцсон гишүүдэд тараасан болохыг Байнгын хорооны дарга Б.Жавхлан танилцуулсан юм. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т заасны дагуу төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн хуралдаанд оролцсон гишүүд үзсэн. Иймд тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Төсвийн санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв.