Сондгой тоотой өдрүүдэд тээшийн вагон нэмж явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “УБТЗ” ХНН-ийн ажлын хэсгээс танилцуулснаар өчигдөр төмөр замын 15.956 ажилтнаас 15.920 нь шинжилгээнд хамрагджээ.
Хөдөө, орон нутаг руу явсан, эмчлүүлж байгаа, урт хугацааны чөлөөтэй, ээлжийн амралттай, хөл хорионд байгаа шалтгаанаар 36 хүн хамрагдаагүй аж.
Төмөр замын хэмжээнд өдөр тутмын 2203 ажлын байр, 86,121 м2 талбай,
мэргэжлийн байгууллагын 80 ажлын байр, 12,982 м2 талбай, зөөврийн 145 зүтгүүр, ачааны
724, сэлгээний 147 галт тэрэг, гэрээт байгууллагаар 148 галт тэрэг, 7674 вагон,
чингэлгийг ариутган халдваргүйжүүлжээ.
Галт тэрэгний хөдөлгөөн саадгүй, ачаа тээвэрлэлт хэвийн байгаа бол өртөө, зангилаадад хүнсний хангалт, нөөц боломжийн байна.
Өмнөх шуурхай хурлуудаас сайдын өгсөн 145 үүрэг, даалгаврын 142 нь бүрэн биелсэн, гурав нь биелэх шатандаа байгаа.
УБТЗ-ын тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Г.Ганболд “Сүхбаатар боомтоос бусад газарт хөл хорионы дэглэм буурсантай холбоотой иргэд тээшинд ачаагаа өгөх нь эрс нэмэгдсэн. Үүнээс үүдэн долоо хоногийн сондгой тоотой өдрүүдэд тээшийн вагоныг тодорхой графикийн дагуу явуулж эхэлсэн” гэдгийг мэдэгдэв.
Өнөөдрийн Шуурхай бүлгийн хурыг удирдсан ЗТХЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур МУЗН, холбогдох донор байгууллагын тусламжаар авах эм, эмийн болон халдваргүйжүүлэлтийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмжийн жагсаалтыг шинэчлэн гаргах, зүтгүүрийн битүүмжийг сайжруурах, хилийн цаанаас ирж яваа хүнсний ачааг хилээр түргэн шуурхай нэвтрүүлэхийг УБТЗ анхаарч ажиллах чиглэл өглөө.