Аймгийг хөгжүүлэх үндсэн чиглэлийг орон зайн төлөвлөлт ашиглан боловсруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-06 20:05:47

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн ИТХ-ын хоёрдугаар хуралдаан 95 хувийн ирцтэйгээр хуралдаж, Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг баталлаа гэж аймгийн ИТХ-аас мэдээлэв.

-“Энэ хурлаар аймгийн ИТХ-ын бодлогын хороодыг байгуулах, ажиллах чиглэлийг батлах, аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөө, орон нутгийн 2020 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны төсөв батлах тухай гэхчлэн зургаан асуудлыг тус тус хэлэлцлээ. Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг хуульд заасан шаардлага, зарчмын хүрээнд иргэн төвтэй, иргэдээсээ асуусан, орон зайн төлөвлөлт, компьютер загварчлал ашиглан төлөвлөснөөрөө онцлогтой” юм.  

 


Таван жилийн үндсэн чиглэлийг дахин хэлэлцэж батлахаар болов

Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал танилцууллаа.

-“2020 оны тавдугаар сард Монгол Улсын Их хурлаас Хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуулийг баталсан билээ. Энэхүү шинэ хуулийн хүрээнд Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг боловсруулах ажлыг зохион байгууллаа. Монгол Улсын хөгжлийн бодлого төлөвлөлт, түүний удирдлагын тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, Монгол Улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг тус тус үндэслэн боловсрууллаа.

Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг тооцоолол, суурь судалгаанд тулгуурлан боловсруулснаар аймаг, сумын Засаг даргын 2021-2025 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөө боловсруулах үндэслэл болж байгаа юм. Завхан аймгийг хөгжүүлэх таван жилийн бодлогын баримт бичиг нь нийт 8 бүлэг, 78 зорилт, 247 арга хэмжээг тусгасан. Иймд энэхүү үндсэн чиглэл, 2021 онд Завхан аймгийг хөгжүүлэх жилийн төлөвлөгөө, төсвийн төслийг хянан үзэж, шүүн хэлэлцэж баталж өгөхийг аймгийн ИТХ-ын төлөөлөгчид та бүхнээс хүсье” гэлээ.

 

Таван “Яагаад” аргын тусламжтайгаар

асуудлуудаа тодорхойлжээ

Үргэлжлүүлэн тус аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл боловсруулалт, хамтын ажиллагааны талаар аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Ж.Батцэнгэл нэмэлт  мэдээлэл өглөө.

Тэрээр хэлэхдээ: “Аймгийн хэмжээний хамгийн том бодлогын баримт бичиг болох энэхүү таван жилийн Үндсэн чиглэлийг боловсруулах ажлын хэсгийг 2020 оны 10-р сарын 15-ны өдөр аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж, миний бие ахлан ажиллалаа. Энэхүү хөтөлбөрийг боловсруулахад Даян дэлхийн байгаль хамгаалах сан, НҮБ-ын “Ensure” төсөл, НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр хамтран ажилласан.

Энэхүү таван жилийн үндсэн чиглэлийг бусад аймгаас онцлогтой боловсруулсан байгаа. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Үндэсний хөгжлийн газрын Бодлого зохицуулалтын газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран орон нутгийнхаа онцлогийг тусгаснаараа давуу талтай болсон юм. Үндсэн чиглэлийг боловсруулахад 12 ажлын хэсэг 24 суманд ажиллаж,  31 байгууллага, 1500 гаруй иргэн оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгууллаа. Таван “Яагаад” аргын тусламжтайгаар тулгамдаж буй суурь асуудлуудыг тодорхойллоо. Манай аймгийн таван жилийн үндсэн чиглэл “Орон зайн төлөвлөлт”-ийг ашигласнаараа давуу талтай. Өөрөөр хэлбэл аль суманд ямар нөөц, боломжууд байгааг газрын зурагтай нь харьцуулж, хүн амын өсөлттэй нь уялдуулж төлөвлөдөг шинэлэг арга юм. 

Мөн ШУТИС-ийн Систем динамикийн загварчлалын тэнхимийн эрхлэгч, доктор н.Ууганбаяртай хамтран ажилласан. Хөдөө аж ахуйн чиглэлийн мах, сүү, дайвар бүтээгдэхүүнийг орон нутагтаа боловсруулснаар Завхан аймагт үйлдвэрлэл хэрхэн нэмэгдэж, ямар үйлдвэрүүдийг хаана байгуулах боломжтой зэргийг компьютер загварчлалын аргаар хийлгэлээ. Сонирхолтой үр дүн гарсан.

Тухайлбал, мах, сүү, дайвар бүтээгдэхүүнүүдийг боловсруулснаар Завхан аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл маш богино хугацаанд  одоо байгаа түвшнээс хоёр дахин өсөх. Ажлын байр найман мянгаар нэмэгдэж, ядуурал эрс буурах тооцоолол гарч байна. Мөн сумдын хөрөнгө оруулалт, барилга байгууламжийг шинэчлэн эрэмбэллээ.

Энэхүү таван жилийн үндсэн чиглэл нь аймгийн Засаг даргын үйл ажиллагааны дөрвөн жилийн хөтөлбөр, жил бүрийн ажлын төлөвлөгөөний суурь болох юм” гэв.

Харин аймгийн ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих: “Аймгийн удирдлагууд ажлаа хүлээж аваад удаагүй, төлөөлөгчид таван жилийн үндсэн чиглэлийг маш сайн уншиж судлах шаардлагатай гэдгийг онцоллоо.

Аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: “Миний бие аймгийн Засаг даргаар томилогдохоосоо өмнө суурь боловсруулалтын ажилтай танилцсан. Зарчмын хувьд сайн хөтөлбөр болсон. Гэвч төлөөлөгчид сайн судлах шаардлагатай тул Завхан аймгийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөртэй хамт нухацтай хэлэлцэж батлах нь зүйтэй” гэсэн санал оруулсныг төлөөлөгчид дэмжиж, хуулийн хугацаанд дахин хэлэлцэхээр шийдвэрлэлээ.

 

2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 50 тэрбум гаруй төгрөг хэрэгтэй

Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг боловсруулахдаа 24 суманд хэлэлцүүлэг зохион байгуулж, иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгажээ.

Аймгийн ИТХ-ын хоёрдугаар хурлын үеэр Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаа танилцууллаа.

-“Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд заасны дагуу Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг санхүүгийн бодитой эх үүсвэртэй. Хэрэгжүүлэн хариуцах эзэнтэй, хэмжигдэхүйц шалгуур үзүүлэлттэй, хэрэгжихүйц арга хэмжээнүүдийг томьёолон оруулсныг онцоллоо. Түүнчлэн улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт аймаг орон нутгийн хөгжлийн талаар тусгасан зорилт, арга хэмжээг тусгасан байгаа. Монгол Улсын Засгийн газрын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилт арга хэмжээтэй уялдуулан боловсрууллаа. Аймгийн 24 суманд ажлын хэсэг ажиллаж хэлэлцүүлэг зохион байгуулснаар иргэдээс ирүүлсэн саналыг эрэмбэлэн жилийн ажлын төлөвлөгөөнд тусгасан байна. 2021 оны аймгийн хөгжлийн төлөвлөгөөнд нийт 30 барилга байгууламж ашиглалтад оруулахаар тусгаснаас 24 барилга байгууламж нь өмнөх онд эхэлсэн ажлууд байна. Нийт найман бүлэг 17 зорилт, 198 арга хэмжээг төлөвлөжээ.

Аймгийн хөгжлийн 2021 оны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд нийт 50 тэрбум 973.8 сая төгрөг зарцуулах юм. Үүнээс улсын төсвийн хөрөнгөөр 43 тэрбум 983.9 сая төгрөг, ОНХС-ийн эх үүсвэрээр 3 тэрбум 227.2 сая төгрөг, суурь зардалд 288 сая төгрөг. Орон нутгийн төсвөөр 441.4 сая төгрөг, байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардалд 266.7 сая төгрөг, орон нутгийн замын сангийн хөрөнгөөр 250 сая төгрөг, төсөл хөтөлбөрөөр 455 сая төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байна.

Өнгөрсөн онд улсын төсвийн хөрөнгө оруулалт 46.8 тэрбум төгрөг байсан бол энэ онд 43.9 тэрбум төгрөг болж 2.9 тэрбумаар буурсан. Харин Орон нутгийн хөгжлийн сангийн эх үүсвэрээр хийх хөрөнгө оруулалт 3 тэрбум 227.2 сая төгрөг болж 560 сая төгрөгөөр нэмэгдсэн байна. Тухайлбал, бүс орон нутгийн хөгжлийн хүрээнд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, эрсдэлгүй өндөр ашиг шим бүхий хөдөө аж ахуйг бэхжүүлэх зорилгоор мал эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн машин авах. Залуу малчдыг малжуулах, шинээр ажлын байр бий болгох, таван суманд инженерийн хийцтэй худаг гаргах.

Улиастай-Тосонцэнгэл чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замыг дуусгах. Гурван сумын ЗДТГ-ын барилгыг дуусгах, найман сумын сургууль, дөрвөн сумын цэцэрлэг, хоёр сумын спорт заал зэрэг 30 бүтээн байгуулалтыг дуусгахаар тооцож энэ бүлэгт 47 тэрбум 679.8 сая төгрөгийг төсөвлөжээ” гэв. Ийнхүү аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Завхан аймгийн хөгжлийн 2021 оны жилийн төлөвлөгөөг баталлаа.  

 

2021 оны төсөвт түлш халаалтын зардлыг

өсгөхгүйгээр тусгасан гэв

2020 оны 11-р сарын байдлаар Сангийн яамнаас цалин хөлс, түлш халаалт буюу ашиглалттай холбоотой зардлаас бусад зардлыг нээж өгөөгүй байна гэж аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Хүрэлбаатар хурлын үеэр мэдээлэл өглөө.

Тэрээр аймгийн Иргэдийн хурлын төлөөлөгчдөд орон нутгийн 2020 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2021 оны төсвийг танилцуулав. –“2020 онд төсвийн тодотгол хасах хэлбэрээр хийгдсэн бөгөөд орон нутгийн төсвөөс 632 сая төгрөг, тусгай шилжүүлгийн байгууллагаас 1 тэрбум 770 сая төгрөг, ОНХС-аас 648 сая төгрөгийг тус тус хассан байна. Хэдийгээр орон нутгийн төсвөөс 632 сая төгрөг хасагдсан ч сумдын суурь зардлыг бууруулахгүйгээр зохицуулжээ. 2020 оны 11-р сарын байдлаар зөвхөн цалин хөлс, түлш халаалт буюу ашиглалттай холбоотой зардлаас бусад зардлыг Сангийн яамнаас нээж өгөөгүй байна. Харин 2021 оны төсвийг орон тоо нэмэгдүүлэхгүй, түлш халаалтын зардлыг өсгөхгүй. Суурь зардлыг бууруулахгүй байх зарчмуудыг баримталж боловсруулжээ. Газар нутгийн хэмжээ, хүн ам, алслалт зэрэг итгэлцүүрт үндэслэн Төрийн аудитын байгууллагаар хянуулсан байгаа. 2021 онд орон нутгийн төсвийн зарлага 26.6 тэрбум төгрөг буюу өмнөх оноос 1.2 тэрбум төгрөгөөр буурсан байна. 

Энэ нь тэтгэвэрт гарах болон нэг удаагийн тэтгэмжтэй холбоотой гэдгийг хэллээ. Тусгай шилжүүлгийн байгууллагуудад 45.3 тэрбум төгрөг төсөвлөсөн” гэв. Ийнхүү төлөөлөгчдийн 100 хувийн саналаар Завхан аймгийн 2021 оны төсвийг баталсан байна. Мөн хурлын үеэр “Усны сан бүхий газар усны эх үүсвэрийн энгийн болон онцгой хамгаалалтын бүсийн дэглэмийг тогтоох тухай” 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн 54-р тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг БОАЖГ-ын дарга Б.Мөнхбат танилцуулсан байгаа. Манай аймагт дулааны цахилгаан станц барих шинэ байршил нь энгийн болон  онцгой хамгаалалтын бүсэд хамаарч байгаа юм. Тиймээс дулааны цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж барих газрыг энгийн болон онцгой хамгаалалтын бүсээс чөлөөлөх шаардлагатай болсон байна. Иймд 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг төлөөлөгчдийн 100 хувийн  саналаар дэмжсэнээр аймгийн ИТХ-н хоёрдугаар хуралдаан өндөрлөлөө гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ