Эрчим хүчний салбарынхан “Цус хандивлах аян”-д нэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
dusem11@yahoo.com
2020-12-07 14:35:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрчим хүчний салбарын өргөтгөсөн хуралдааныг 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр цахимаар зохион байгуулав.


Тус ээлжит хуралдаанаар цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээг эрчимжүүлэх, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахих, 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл салбарын хэмжээнд 24 цагийн хариуцлагатай жижүүрийг томилон ажиллуулах зэрэг үүрэг даалгаврыг үйлдвэр, компанийн захирлуудад өгсөн байна.


Мөн коронавируст халдвар (КОВИД-19)-тай холбоотой хөл хорио тогтоосон энэ үед цусаа өгөх иргэдийн тоо эрс буурсан тул Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Цус хандивлах аян”-ыг зохион байгуулж байгаа аж.



Энэ хуралдааны үеэр Эрчим хүчний салбарын хамт олон нийгмийн хариуцлагын хүрээнд уг аянд сайн дураар нэгдэж буйгаа илэрхийллээ. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг Эрчим хүчний салбарын есөн үйлдвэр, компанийн ажилчид 2020 оны 12 дугаар сарын 07-11-ний өдрийг дуустал хуваарь гарган ариутгал, халдваргүйжүүлэлтийн зохион байгуулалтын хүрээнд цусаа хандивлах юм.


Мөн орон нутагт цахилгаан, дулааны эрчим хүч үйлдвэрлэх, түгээх, хангах үйл ажиллагаа явуулдаг үйлдвэр, компанийн ажилчид тухайн салбар комиссын хяналтанд цусаа хандивлаж эхэлжээ.


Эрдэнэт хүний амь насыг аврах цус, цусан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх боломжгүй, эрүүл мэндийн бүтээгдэхүүн бөгөөд насанд хүрсэн эрүүл хүн нэг удаа 400-450 мл цус хандивласнаар гурван хүний амь насыг аврах боломжтой юм.


Холбоотой мэдээ