Гэрийн тусгаарлалтад буй иргэд түргэвчилсэн оношлуураар дахин шинжилгээ өгнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-12-08 19:53:55

Завхан/МОНЦАМЭ/.Тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн цар тахлын үеийн бэлтгэл, бэлэн байдалтай аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, Онцгой комисс, шуурхай штабын гишүүд газар дээр нь танилцлаа гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Монгол Улсын шадар сайдын тушаалын дагуу коронавирусний халдварын эрсдэлийн үнэлгээг гурван шатанд хийхэд тус аймагт коронавирусний халдвар, цар тахал тархах “маш өндөр эрсдэлтэй” гэж үнэлэгджээ. Аймгийн эрүүл мэндийн салбарт 107 байгууллагын 1144 эмч, ажилтан ажиллаж байгаагаас нийт эмч нарын 65.2 хувь нь үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжил эзэмшсэн байна. Цар тахлын үеийн бэлэн байдлыг хангах зорилгоор эхний ээлжид Халдвартын эмнэлэг, Хүүхдийн эмнэлэгт нийт 212 орыг бэлтгэжээ. Харин аймгийн Нэгдсэн эмнэлэгт 136 орыг дэлгэхээр төлөвлөсөн байна. Эрсдэл үүссэн нөхцөлд Нэгдсэн эмнэлгийн хэвийн үйл ажиллааг хангах зорилгоор “Одчим наран” эмнэлэг, Уламжлалт анагаах ухааны төв, “Үе залгамжлагч” клиник сувиллыг дайчилна. Хэдийгээр өөрсдийн нөөц бололцоондоо тулгуурлан бэлтгэлээ хангасан ч нэн тэргүүнд түргэвчилсэн оношлуур, эм тариа, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл дутагдалтай. Хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэртэй болох зайлшгүй шаардлагатай гэдгийг уулзалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Г.Цогзолмаа хэллээ” гэв.






Нэгдсэн эмнэлэгт амьсгалын дөрвөн аппарат бий

Завханы Нэгдсэн эмнэлэг Улаанбаатар хотоос баллоноор тээвэрлэдэг зөөврийн хүчилтөрөгчтэй, амьсгалын дөрвөн аппараттай байна.

Өнөөдрийн байдлаар тус эмнэлэгт 1700 гаруй түргэвчилсэн оношлуур бий. Гэвч Улаанбаатар хотоос ирсэн 5000 орчим иргэнд гэрийн тусгаарлалт дууссаны дараа дахин шинжилгээ хийх тул нэмэлт оношлуур шаардлагатай. Нэгдсэн эмнэлэг хэвийн үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ бэлэн байдлыг бүрэн хангахад шаардагдах эм, эмнэлгийн хэрэгслүүдийн мэдээллийг аймгийн Онцгой комисс, Эрүүл мэндийн яам зэрэг холбогдох байгууллагуудад тухай бүр нь уламжилсан байгаа гэж аймгийн Нэгдсэн эмнэлгээс мэдээлэл өглөө.

Нэгдсэн эмнэлгийн цар тахлын үеийн бэлэн байдалтай газар дээр нь танилцах үеэрээ аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал: -“Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр аймгийн Нэгдсэн эмнэлэгт шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх ажлыг хийнэ. Нэн тэргүүнд дутагдалтай байгаа эм, эмнэлгийн хэрэгслээр хангахад аймгийн Онцгой комисс анхаарч ажиллана” гэв.

Ташрамд тус эмнэлэг эмнэлгийн тусламж үйлчилгээг хөл хорионы журам, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмийн дагуу хийж байгаа. Амбулаторийн нийт үзлэгийн 4.1 хувийг томуу, томуу төст өвчний үзлэг эзэлж байна. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авах, яаралтай тусламжийн тасгаар өдөртөө дунджаар 35-50 орчим иргэн үйлчлүүлж байна. Аймгийн хэмжээнд эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэн болон, амбулатороор үйлчлүүлж байгаа иргэдэд "Ковид-19" халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөгөөг эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд байнга өгч байгаа аж. 

Холбоотой мэдээ