Батцэнгэлээс бусад сумын зорчих хөдөлгөөнийг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
sarantsetseg@montsame.mn
2020-12-14 11:37:33

Архангай /МОНЦАМЭ/ Архангай аймгийн Онцгой комиссын ээлжит хурал энэ сарын 13-ны өдөр боллоо. Хурлаар Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн 209 дүгээр тогтоолоор Батцэнгэл сумаас бусад сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж байгаатай холбогдуулан авах арга хэмжээний талаар хэлэлцэв.

Хурлын эхэнд Онцгой байдлын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэбаатар "Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, коронавирусний халдвараас хамгаалах, хариу арга хэмжээ авч ажилласан талаар мэдээлэл хүргэлээ. Мөн дараах асуудлуудыг шийдвэрлэв. Үүнд:

1. Батцэнгэл суманд тогтоосон бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 12 дугаар сарын 21-ний өдөр хүртэл үргэлжлүүлж, хөл хорио тогтоох үйл ажиллагааг сулруулахгүй байх

2. Батцэнгэл сумаас бусад 18 сумын бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06.00 цагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх

3. Бүх нийтийн бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулж, хязгаарлалт тогтоох, зарим үйл ажиллагааг нээж ажиллуулах аймгийн Засаг даргын захирамж гаргах

4. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн сум хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, хэвийн горимд шилжүүлэх, аймаг, сум хооронд зорчих хөдөлгөөнд хяналт тавьж байгаа постуудыг буулгах

5. Улаанбаатар хот, Сэлэнгэ, Дархан, Орхон зэрэг "Ковид-19" халдварын голомттой нутаг орноос ирж байгаа иргэдийн PCR шинжилгээний бичиг, биеийн байдалд хяналт тавьж нэвтрүүлэх байнгын пост ажиллуулах

Ингэснээр Архангай аймгийн хэмжээнд халдвар бүртгэгдээд буй Батцэнгэл сумаас бусад сум бэлэн байдлын зэргийг нэг шат бууруулан, аймаг дотроо хөдөлгөөн хийх, зарим аж ахуй нэгжийн үйл ажиллагааг нээв.

Холбоотой мэдээ