Гэр бүлийн хүрээнд халдвар тарах магадлал манай улсад өндөр үзүүлэлттэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
sodonizm@gmail.com
2020-12-15 12:18:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрдэмтэн судлаачдын хийсэн 24 тойм судалгаа, мета-анализын судалгааны дүнгээр коронавирусний халдвартай өвчтөний гэр бүлийн гишүүд бусад хүнээс 10 дахин илүү халдвар авах эрсдэлтэй байгааг тогтоожээ.


ЭМЯ-ны Олон нийттэй харилцах, Тандалт судалгаа шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл дээрх судалгааны талаар өнөөдөр мэдээлэхдээ, “Коронавирусний халдвар гэр бүлийн хүрээнд халдварлах эрсдэл байгаа бөгөөд хосууд бие биедээ халдааж байна. Харин хүүхдэд халдвар тархах нь харьцангуй бага байна. Дэлхийн хэмжээнд гэр бүлийн хүрээнд халдварлалтын индексийн түвшин 10 хувь  байхад манай улсад 10-66 хувьтай байгаа нь маш өндөр үзүүлэлт юм. Халдвар агаар дусал, амьсгал, ахуйн хавьтал гэсэн гурван замаар тархаж байна. Тиймээс гэр бүл, албан тасалгааны хүрээнд халдвар тараахгүй байхад анхаарах хэрэгтэй байгаа"-г онцлов.


Дэлхий дахинд коронавируст халдвараар 71 сая хүн өвчилж, 1.6 сая хүн эндэж, 51.2 сая хүн эдгэрээд байна. Дэлхийд өдөрт 560-690 мянган хүн шинээр коронавирусээр өвчилж байна. Үүнтэй холбоотойгоор Герман, Англи улсад хөл хориог улам чангатгах арга хэмжээг авч байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд манай улсад шинээр 5 тохиолдол батлагдсан. Үүнийг өмнөх өдрийнхтэй харьцуулахад ижил түвшний үзүүлэлт юм. Нийт өвчлөлийн тоо 917 болсон.


Улсын хэмжээнд түргэн оношилгооны цэгт 390 169 хүн шинжилгээ өгснөөс таван тохиолдол батлагдсан байна. ЗӨСҮТ-ийн баг 13 обьектын 2850 шоо метр талбайд голомтын ариутгал халдваргүйтгэл хийсэн. Мөн ЗӨСҮТ-ийн авто лаборатори Гашуунсухайт боомтод 389 хүнд болон Замын–Үүд боомтод 332 хүнд шинжилгээ хийхэд бүх хариу сөрөг гарчээ. Тусгай дугаарын 7 утсанд 14965 хүн хандаж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ, коронавируснээс сэргийлэх зөвлөмж зөвлөгөө авсан. ЭМЯ-ны 323002 утасанд 310 хүн хандаж, эрүүл мэндийн зөвлөмж авсан" гэлээ.  

Холбоотой мэдээ