Дани улс өнөөдрөөс эхлэн хязгаарлалтаа чангатгана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Jargal.d@montsame.mn
2020-12-16 10:45:41

КОПЕНХАГЕН. /TASS/. Коронавирусний цар тахалтай хийж буй тэмцлийн хүрээнд 12 дугаар сарын 16-ны лхагва гаргаас эхлэн орон даяар хязгаарлалтын арга хэмжээг чангатгана гэж Данийн Тээврийн сайд Бенни Энгельбрехт “Facebook” хуудсаараа мэдэгджээ.


“Халдварын түвшин хэтэрхий өндөр, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Корона Дани улсад дэндүү бөх бэхлэгджээ. Тиймээс бид хязгаарлалтын арга хэмжээг орон даяар авч байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.


Одоогийн байдлаар Данийн 98 бүс нутгийн 69-д нь хязгаарлалт тогтоожээ. Эдгээр бүс нутагт баар, кафе, зоогийн газрууд зөвхөн хүргэлтийн үйлчилгээ үзүүлж байгаа бол театр, кино театр, спорт заал, усан бассейнууд хаалттай байгаа юм. Үүнээс гадна 5 дугаар ангиас эхлэн бүх ангиудын сурагчдыг амраасан байна. Энэ жил сурагчдын амралт ердийнхөөс удаан үргэлжлэх аж. Эдгээр арга хэмжээг коронавирусний тархалтыг цааш тархахаас урьдчилан сэргийлэх зорилгоор эхлээд томоохон хотуудыг оруулаад 38 мужид авсан байжээ.  


Мягмар гарагт Дани улсад коронавирусний халдварын нийт тохиолдол 116 087 болж нэмэгдсэн байна. Цар тахал дэгдсэнээс хойш халдварын хүндрэлийн улмаас нийт 961 хүн нас баржээ. Халдварын шинэ тохиолдлын тоо нэмэгдэж байгаатай холбогдуулан Данийн Засгийн газар 10 дугаар сарын 23-наас эхлэн 10-аас дээш хүн нэг дор цуглахыг, мөн орон нутгийн цагаар 22:00 цагаас хойш архи, согтууруулах ундаа зарахыг хориглож, олон нийтийн газар амны хаалт заавал зүүх журам нэвтрүүлсэн байна.


Холбоотой мэдээ