“Зүүм” цахим үзэсгэлэнд шалгарсан 13 бүтээлийг нийгмийн сүлжээгээр танилцуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Урлагийн зөвлөл, Олон улсын эмэгтэйчүүдийн худалдаа, аж үйлдвэрийн холбоо хамтран Зүүм: Би тэгш оролцоот нийгмийг эрмэлзэгч үеийн төлөөлөл гэрэл зургийн төслийг санаачлан 6 сарын хугацаанд хэрэгжүүлж байна.
Төслийг
хэд хэдэн үе шаттайгаар зохион
байгуулж байна. Эхний үе шатанд баримтат
гэрэл зургийн “Ц.Батзориг” сан болон хүний эрх, жендэр судлаач, бүтээлч
үйлдвэрлэлийн багтай хамтран 5 удаагийн 10 цуврал уран бүтээлчийг чадавхжуулах
сургалт Австралийн ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр энэ оны 6 сарын 29-нөөс
7 сарын 5-ны хооронд болжээ.
Дараагийн
үе шат буюу “ЗҮҮМ” гэрэл зургийн
уралдааныг энэ оны 8 дугаар сараас 2 сарын хугацаанд мэргэжлийн болон сонирхогчийн
ангилалд "Хөрөг", "Сэдэвчилсэн" төрлөөр зарлаж, 26 уран бүтээлчийн 39 бүтээлийг
хүлээн аваад байгаа юм. Эдгээрээс 12 уран
бүтээлч “ЗҮҮМ” уралдааны болзол шаардлагыг хангасан тул үзэсгэлэнд оролцох эрхтэй болсон байна.
Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан “Зүүм” цахим
үзэсгэлэнг энэ оны 12 дугаар сарын 15-аас ирэх оны 1 дүгээр сарын 15-ны хооронд зохион байгуулах аж. Цахим үзэсгэлэнг АНУ дахь Монголын урлагийн зөвлөл дэмжин ажиллаж байна.
Төслийн
зорилго нь соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хүчирхэг салбар болох гэрэл зургаар
дамжуулан онцгойлон эмэгтэй уран бүтээлчдийн тэгш эрхийн дурангаар нийгмийг
тольдон, тэдний үзэл санаа, дуу хоолойг нийгэмд хүргэх, ур чадварыг нэмэгдүүлэх
юм
байна.
Үзэсгэлэнд сонгон шалгарсан 12 оролцогчийн 13 бүтээл #GenerationEquality хаштагтайгаар нийгмийн сүлжээнд танилцуулагдах бөгөөд Шүүгчдийн бүрэлдэхүүн эдгээр бүтээлээс Хөрөг, Сэдэвчилсэн төрөл тус бүрт мэргэжлийн, сонирхогч ангилалд сонгон шалгаруулна. Харин нийгмийн сүлжээнд үзэгчдээс хамгийн өндөр хандалт авсан бүтээлд “Үзэгчдийн нэрэмжит шагнал”-ыг ирэх оны нэгдүгээр сарын 14-нд гардуулах юм байна.