Д.Нарангэрэл: Байгууллага бүр тусгаарлах өрөө бэлтгэх шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
munkhbaatar@montsame.gov.mn
2020-12-20 11:36:34
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэг өрөөнд ажилладаг хүмүүст халдвар тархах эрсдэл 10 дахин их байгааг харуулсан дэлхийн олон судалгаа байгааг ЭМЯ-ны  өнөөдрийн ээлжит хэвлэлийн хурлын үеэр тус яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл танилцууллаа. 


Дэлхий дахинд халдвар тархах түвшин дээд тал нь 10 хувь байхад манай улсад 86 хувь байна. Тиймээс манай орны хувьд хүний нягтралыг багасгах, хүмүүс холын зайнаас харьцах үндсэн арга буюу амны хаалт зүүх, гараа угаах, халдваргүйтгэлийн дэглэмийг чанд сахиж гэр орноо тогтмол цэвэрлэх хэрэгтэйг онцлов. 


Тэрбээр, "Нийслэлийн хувьд, томоохон олон голомт гарсан тул хүн амын нягтралыг бууруулж албан байгууллагууд ажилчдынхаа 2/3 хувийг цахимаар ажиллах бололцоо гаргах шаардлагатай. Мөн үйлчилгээний байгууллага нэг хүнд ногдох талбайг 4 метр кв байхаар тооцох хэрэгтэй байгаа юм. Албан газар ажилчдын ширээ хооронд 1.5-2 метрийн зай барьж хүн байнга хүрдэг эд зүйлсийг 2 цаг тутамд ариутгах, албан хаагчдыг 3-4 ээлжээр ажиллуулж халдвараас сэргийлэх нь зүй. Мөн байгууллага бүр сэжигтэй тохиолдол тусгаарлах өрөө бэлтгэх хэрэгтэй. Учир нь хэзээ ч бидний дунд коронавирустэй хүн гарахад бэлэн голомттой бүс нутагт ажиллаж байна. 


Тусгаарлах өрөөнд нэг удаагийн хамгаалах хэрэгсэл, анхан шатны тусламжийн цомог, гар ариутгалын бодис, нэг удаагийн бээлий, хог хаягдлын уут зэргийг байрлуулах ёстой. Байгууллагын захиргааны 2-3 ажилтан тухайн өрөөнд шинж тэмдэг илэрсэн хүнийг тусгаарлан ХӨСҮТ-ийн 119 дугаарт мэдээлэл өгнө. Үүний дараа эмнэлгийн баг ирж шинжлэх хүртэл тухайн ажилтантай нэг өрөөнд ажилладаг хүмүүсийг өрөөнд нь тусгаарлана. Байгууллагууд гаднаас хүн оруулахгүй байх, шинэ ажилтан авахгүй байх хэрэгтэй" хэмээв. 

Холбоотой мэдээ