Эцсийн өмчлөгчөө бүртгүүлэхэд бөөгнөрөл үүсгэхгүй байхыг хүслээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-24 17:00:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Татварын ерөнхий хуульд өөрчлөлт орсны дагуу Монгол Улсад бүртгэлтэй, хуулийн этгээд ААН, байгууллагууд эцсийн өмчлөгчөө ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс өмнө бүртгүүлэх юм. Энэ хугацаа ойртож буйтай холбогдуулан Улсын бүртгэлийн байгууллагад хандах байгууллага, ААН олширчээ.

Үүнтэй холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын нөхцөлд бөөгнөрөл үүсэх эрсдэлтэй байгаа учир ААН, байгууллагын эцсийн өмчлөгчийг цахимаар бүртгэж, энэ талын үйл ажиллагааг татварын байгууллагатай хамтран цахимаар бүрэн хийж буйг Улсын бүртгэлийн ерөнхий газар (УБЕГ)-аас мэдэгдэж байна. Тодруулбал, хуулийн этгээд, ААН, байгууллагын удирдлага эцсийн өмчлөгчөө цахим тайлангийн систем ашиглан ажлаасаа болон гэрээсээ онлайнаар бүртгүүлэх боломжтой аж

Компани, ААН, байгууллагын эцсийн өмлөгчийг бүртгэснээр компаниудын эзэд болон удирдлага хэчнээн ААН-ийг эзэмшдэг, хэдэн компаниас хувь авдаг зэрэг татвартай холбоотой мэдээллийг бүрэн авах боломж бүрдэх юм. Мөн бүртгэлийн үйл ажиллагааны зорилго нь хуулийн этгээдээр дамжуулан мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх, авлига, хээл хахууль, татвараас зайлсхийх гэмт хэрэгт холбогдох эрсдэлээс урьдчилан сэргийлэх явдал юм.

 

Тодруулга: Энэ оноос хэрэгжүүлж буй Татварын шинэчилсэн ерөнхий хуулийн дагаж мөрдөх журмын 9 дүгээр зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс өмнө хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлсэн этгээд нь тухайн хуулийн этгээдийн эцсийн өмчлөгчийн мэдээллийг 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдөрт багтаан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлнэ” гэж заасан юм. ААН-үүд эцсийн өмчлөгчөө хуулийн хугацаанд бүртгүүлээгүй бол 500 мянган төгрөгөөр торгох зохицуулалттай юм.  Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 194 мянга гаруй хуулийн этгээд бүртгэлтэй байгаа талаар УБЕГ мэдээлж байна. 

Холбоотой мэдээ