Виртуал валют, даатгалын технологийг хөндөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2020-12-25 15:40:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Виртуал валют, даатгалын технологи зэрэг санхүүгийн мэдлэг, мэдээлэл өнөөдөр манай улсад цоо шинэ нэр томъёо, хэрэглээ боловч хэдийнэ нэвтрүүлэх зайлшгүй шаардлага бий болсон. Энэ талаар МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимээс зохион байгуулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр хөндлөө. 

"Санхүүгийн инноваци" сэдвээр болсон уг хурлыг ОХУ-ын Плехановын нэрэмжит ЭЗИС-ийн Улаанбаатар дахь салбар сургуультай хамтран зохион байгуулж, Монголын Хөрөнгийн бирж дэмжин оролцож, тус биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай "Хөрөнгийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын хөгжлийн чиг хандлага" сэдвээр мөн илтгэл тавьж хэлэлцүүллээ.


Энэ удаагийн хурал нь анх удаагаа цахим хэлбэрээр болж, АНУ, Энэтхэг, Малайз, Итали, Япон, ОХУ-ын эрдэмтэн судлаачид, Дэлхийн банк, АХБ зэрэг олон улсын байгууллагууд, Монголбанк, СЗХ, Монголын Хөрөнгийн бирж зэрэг байгууллагуудын төлөөлөл оролцлоо. 

"Санхүүгийн инноваци" хурлаар хэрэглэгчийн санхүүгийн эмзэг байдал, төр хувийн хэвшлийн түншлэл, баялгийг хөшүүрэгдэх замаар институц, хувь хүмүүст хөрөнгө оруулах, орон сууцны зах зээл, хөрөнгийн зах зээлийн хөгжлийн хандлага, даатгалын технологи, системийн эрсдэл, тэтгэврийн шинэчлэл, татварын нөлөөлөл, цахим зээл, зээлийн зэрэглэл зэрэг сэдвээр илтгэлүүд тавигдлаа.


Холбоотой мэдээ