“Залууст ээлтэй байгууллага”-аар "Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК шалгарлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. "Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК Говь-Алтай аймгийн “Залууст ээлтэй байгууллага”-аар шалгарлаа.
Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх “Залуучуудын хөгжлийн төв”-өөс Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын тушаалын хүрээнд “Залууст ээлтэй байгууллага”-ыг шалгаруулсан юм.
Уралдаанд нийт 14 аж ахуй нэгж байгууллага материалаа ирүүлсэн бөгөөд залуучуудын зөвлөлтэй байх, залууст чиглэсэн ажил зохион байгуулсан байх, тусламж, үйлчилгээ үзүүлсэн байх, залуусыг ажлын байаар хангасан эсэх, байгууллагынхаа залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулсан байдал зэргийг харгалзан үзсэн ажээ. Шагналыг 12 дугаар сарын 30-нд гардуулсан ба мөн үеэр материалаа ирүүлсэн аж ахуйн нэгж, байгууллагаас дээрх үндсэн шаардлагыг хангаж бусдыгаа манлайлан ажилласан "Алтай-Улиастайн Эрчим хүчний систем" ТӨХК-ийн удирдлагууд болон хамт олонд ажлын амжилт хүссэн юм. Түүнчлэн залуус ажлын байртай болсноор тэдний амьдрах орчин сайжрах, нийгэмд оролцох оролцоо нэмэгдэх олон талын ач холбогдолтой, тиймээс энэхүү уралдааныг өрнүүллээ хэмээн Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас онцоллоо.