Хөдөлмөрлөх хугацаа нь дууссан 250 хятад иргэнийг нутаг буцаав

Монголын мэдээ | Хууль
munkhbaatar@montsame.gov.mn
2021-01-08 20:17:46
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хилээр зорчигч тээврийн хөдөлгөөн түр хязгаарласны улмаас нутаг буцах боломжгүй байсан хөдөлмөр эрхлэгч БНХАУ-ын 250 иргэнийг хоёр улсын Засгийн газар харилцан тохиролцсоны дагуу нутаг буцаалаа.


Тэдгээр иргэн нь Монгол Улсад ноднин 9, 10 дугаар сард хөдөлмөр эрхлэх визээр ирсэн бөгөөд оршин суух зөвшөөрлийн хугацаа нь дуусжээ. Тухайн иргэдийг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомтоор нутаг буцаах ажиллагааг Гадаадын иргэн, харьяатын газар, Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин сайдын яам хамтран зохион байгуулав.



Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 000 төгрөгийг сар бүр ажлын байрны төлбөрт төлдөг байна. Дээрх иргэд Монгол Улсад 3 сарын хугацаанд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөлтэй байсан ба улсын төсөвт дунджаар 600 орчим сая төгрөгийн татвар хураамж тушаахын зэрэгцээ аливаа зөрчилд холбогдоогүй ажээ. Цаашид хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дуусаж буй иргэдийг тухай бүрт нь үе шаттайгаар нутаг буцаах юм байна.


Энэ талаар ГИХГ-ын хяналтын улсын байцаагч Ч.Өсөхбаяраас тодрууллаа.



БНХАУ-ын цөөнгүй иргэнийг нутаг буцаалаа. Тодорхой мэдээлэл өгнө үү?


-Коронавируст цар тахлын хорио цээрийн үед нутаг буцах боломжгүй байгаа гадаадын иргэд тухайн улсынхаа Элчин сайдын яам болон манай байгууллагад хандаж буцах хүсэлтээ илэрхийлсэн. Үүний дагуу БНХАУ-ын Элчин сайдын яам болон хоёр улсын хил хяналтын байгууллагатай хамтран тухайн иргэдийг эх оронд нь буцаах ажлыг үе шаттай хэрэгжүүлж байна. Бид эхний ээлжийн 250 гадаадын иргэнийг коронавирусний шинжилгээнд хамруулан, нутаг буцаах ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын автозамын шалган нэвтрүүлэх боомт өглөөний 09.00 цагт түр нээгдэж, эдгээр иргэдийг нутагт нь буцаасан байгаа.



-Эдгээр иргэн ямар чиглэлээр ирсэн байсан бэ?


-Нутаг буцаж буй иргэдийн дийлэнх нь Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу УОК-ийн шийдвэрээр Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирсэн иргэд байсан. Ер нь ноднингийн сүүл үеэс улсын хэмжээнд хөл хорио тогтоосны дагуу зарим аж ахуйн нэгжийн ажил түр зогсонги байдалтай байгаа учраас Монгол Улсад хөдөлмөр эрхлэх зорилгоор ирсэн иргэдийн ихэнх нь эх орондоо буцах хүсэлтэй байна. Монгол Улсад хөдөлмөр эрхэлж буй гадаад иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 840 000 төгрөгийг ажлын байрны төлбөрт сар бүр төлдөг бөгөөд энэхүү төлбөр нь хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрч, ажлын байр бий болгох, ажилгүйдлийг багасгах арга хэмжээнд зарцуулагддаг гэдгийг хэлэх нь зүйтэй.


-Ер нь, нутаг буцах хүсэлтэй БНХАУ-ын хэчнээн иргэн байгаа вэ?


-Нутаг буцах хүсэлтэй иргэд манай байгууллагад болон БНХАУ-ын ЭСЯ-нд удаа дараа хандаж хүсэлт гаргаж байгаа. Бид энэ асуудлаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж, хүсэлт гаргасан иргэдийг нутаг буцаах ажиллагааг дахин зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн Монгол Улсад байх хугацаандаа эрүүгийн гэмт хэрэгт холбогдсон болон улсын хилийг хууль бусаар нэвтэрсний улмаас шүүхээр шийтгүүлж ял эдэлж дууссан иргэдийг албадан гаргахаар ажиллаж байна.

Холбоотой мэдээ