Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээнд 14 сая төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-06-03 13:38:09

Өнөөдрийн байдлаар Дундговь аймагт Ахмад мэргэжилтний зөвлөх үйлчилгээний 41 төсөл хэрэгжиж байна. Энэ онд нийтдээ 70 төсөлд 14 сая төгрөгийн санхүүжилт олгохоор Хөдөлмөрийн хэлтэс төлөвлөжээ.

Хэрэгжиж эхлээд буй төслүүдийн дийлэнх нь буюу 40 гаруй хувь нь газар тариалан, хүнсний ногоо тарихад чиглэсэн зөвлөмж, арга зүйгээр хангах төсөл байна. Харин хүүхдийн авъяас чадвар, сонирхлыг нээн хөгжүүлж, сурлагын хоцрогдлыг арилгахад зориулсан 6 төсөл хэрэгжиж эхэлсэн байна. Тухайлбал Өлзийт суманд иргэн Л. Орго ардын уламжлалт тоглоом наадгайгаар тоглох, Сайнцагаан суманд ахмад багш Б. Даариймаа математикийн хичээлийн хоцрогдол арилгах, МУСТА Ж. Дэжид “Дуулах ур зүй”, иргэн С. Чулуунбаатар зурах авъяасыг хөгжүүлэх сургалтыг тус тус зохион байгуулж эхэлжээ.

Ахмадууд нэг сарын хугацаанд 56 цагийн зөвлөх үйчилгээг үзүүлэх бөгөөд үүндээ 200 мянган төгрөгийн санхүүжилт авах юм байна.

Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ