Стратегийн хүнсний 6 бүтээгдэхүүний нэг нь сүү

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2021-01-12 11:42:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүний анхны урамшууллыг шинэ оны босгон дээр (2020-12-23) олгосон. Урамшууллыг 2375 малчин, эрчимжсэн  мал аж ахуй эрхлэгчдэд (фермерүүд969 972 000 төгрөг олгожээ. Тусгай журмын дагуу энэ урамшууллыг олгосон юм байна. Энэ журамд “Өвлийн улиралд сүүний нийлүүлэлтийг нэмэх зорилгоор 11, 12, 01, 02, 03 сард 1 литр тутамд 500 төгрөг олгоно” гэж онцолжээ. Гэхдээ нийлүүлэгчид сүүний үйлдвэрүүдэд тодорхой  шаардлага хангасан түүхий сүү нийлүүлэх ёстой. Тухайлбал:


  • ҮСХ-ны  219 оны мал тооллогын дүнгээр баталгаажсан байх,
  •  Мал эмнэлгийн нэгдсэн сан,
  • Татварын цахим системд бүртгэлтэй байх,
  • MNS 4228: 211 стандартад нийцсэн байх,
  • Сүүний үйлдвэртэй 1 жилийн турш бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулсан байх,
  • Нийлүүлсэн түүхий сүүний төлбөрийн баримтыг тухай бүр татварын цахим системд баталгаажуулах учиртай.  Эдгээр нөхцөлийг хангахаас гадна нэр бүхий үйлдвэрүүдэд сүүгээ тушаана. Тухайлбал, “Сүү” ХХК, “Витафит милк” ХХК, “Монфрэш сүү” ХХК, “Үлэмж органик” ХХК, “АПУ-Дэйри” ХХК, “Милко” ХХК, “Баяжуулагч" ХХК гэж нэр заан журамлажээ. Бусад сүү үйлдвэрлэгчдэд “Үйл ажиллагааны дүгнэлттэй байх хяналтын хуудсаар дүгнэгдсэн байх аж. Мөн шаардлагад нийцсэн барилга байгууламж, тоног төхөөрөмж, агуулах, тээврийн хэрэгсэлтэй байх” гэсэн шаардлага тавьжээ.

Энэ журам хэрэгжсэнээр өвлийн улиралд сүүний нийлүүлэлт нэмэгдэх, бэлтгэн нийлүүлэлтийн оновчтой тогтолцоо бүрдэнэ. Түүнээс гадна импортыг орлох үйлдвэрлэл нэмэгдэнэ. Ийм нөхцөл бүрдсэнээр гадагшаа гарч буй валютын урсгалыг дотооддоо авч үлдэнэ. Мөн сүү, сүүн бүтээгдэхүүний дотоодын үйлдвэрлэл тогтвортой, хүртээмжтэй болох боломж бүрдэж эерэг үр дүн дагуулна гэж тооцжээ.


Сүү боловсруулах үйлдвэр, цехэд техникийн зохицуулалтын шаардлагад нийцсэн түүхий сүү нийлүүлсэн малчин, эрчимжсэн мал аж ахуй эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох  журам нь 5 зүйлтэй. Сүүний урамшуулал олгох журмыг 2020 оны  есдүгээр сарын 30-ны  өдөр Засгийн газрын 130 дугаар тогтоолоор баталжээ.  Мөн журамд заасан шаардлага хангасан сүүний  8 үйлдвэрт 11 дүгээр сард шаардлага хангасан 1 939 944.0 литр түүхий сүү бэлтгэн хүлээн авчээ.


Улсын хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүний 204 үйлдвэр цех, хөргөлтийн 77 төв үйл ажиллагаа явуулж байгаа.  

Сүүний урамшуулал нь хүн амыг шингэн сүүгээр хангах болон импортын хуурай сүүний хэмжээг буруулахад хөшүүрэг болно гэж салбар хариуцсан яам үзэж байна. Цаашлаад шингэн сүүний нийлүүлэлтийг нэмснээр ЕБС-ийн сургуулийн сурагч бүр өдөрт нэг аяга сүү уух боломж бүрдэнэ.


Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Сүүний чиглэлийн үхрийн эрчимжсэн аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, дотоодын сүү үйлдвэрлэл, боловсруулалтыг өсгөж, сүүгээ борлуулж буй малчдад сүүний урамшуулал олгох тогтолцоог бий болгоно” гэж тусгасан. Сүүний энэхүү урамшуулал 2024 он хүртэл үргэлжилнэ. Энэ хугацаанд сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, сүү нийлүүлэлтийн иж бүрэн тогтолцоо бүрдэнэ. Ингэхийн тулд  шинэ оны босгон дээр олгосон сүүний анхны урамшуулал эхийг нь тавьсан гэж ойлгож болох бололтой. Тэгээд ч  стратегийн хүнсний 6 бүтээгдэхүүний нэг нь сүү гэж хуульчилсан байдаг. Нийслэлийг чиглэх “сүүн зам” дардан байх болтугай.

Холбоотой мэдээ