БНХАУ зүүн Ладакх дахь цэргийнхээ тоог цөөрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-01-12 14:23:28

ШИНЭ ДЕЛИ. /ANI/. Хятадын Ардын чөлөөлөх арми (ХАЧА) өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан зүүн Ладакх дахь цэргийнхээ тоог цөөрүүлсэн тухай Энэтхэгийн Батлан ​​хамгаалах яам мэдээлжээ.


Өвлийн улирал эхэлсэнтэй холбогдуулан ХАЧА зүүн Ладакх дахь хяналтын шугамаас 150-200 км-ийн зайд байрлуулсан 10 мянга орчим цэргээ татсан байна.  Харин Ладакх дахь фронтын шугамуудад байрлуулсан цэргүүд болон хүнд зэвсгүүдээ татаагүй аж. Энэтхэг улс ч мөн зүүн Ладакх дахь цэргийнхээ тоог цөөрүүлсэн байна.


"Ладакхын өндөрлөг газрын 30 хэмийн хүйтэнд байлдааны бэлэн байдлаа хадгалахын тулд Энэтхэг, Хятад цэргийн алба хаагчдаа үе үе ээлжлэн сольж байна” гэж Энэтхэгийн Батлан ​​хамгаалах яам дахь эх сурвалжууд мэдээлжээ.


2020 оны тав, зургадугаар сард Энэтхэг, Хятадын цэргүүдийн хооронд мөргөлдөөн болсны дараа хил орчмын энэхүү бүс нутгийн байдал хурцадмал хэвээр байгаа юм. Мөргөлдөөний үеэр Энэтхэгийн дор хаяж 20, Хятадын талаас 45 орчим цэрэг амиа алдсан юм. Үүний дараа тус хоёр улс бүс нутаг дахь цэргийнхээ тоог нэмэгдүүлсэн бөгөөд хилийн маргаантай бүс дэх хоёр талын цэргийн тоо 50 мянга орчимд хүрсэн байна.


Холбоотой мэдээ