Авлигын 173 хэргийг шүүхэд шилжүүлжээ

Монголын мэдээ | Хууль
192@montsame.mn
2021-01-13 10:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Авлигын гэмт хэрэг манай улсад өнгөрсөн онд 6 дахин өссөн талаар Улсын Ерөнхий прокурорын газраас өнөөдөр мэдээллээ. 

Өнгөрсөн хугацаанд авлигын хэрэгтэй холбогдох 173 хэргийг шүүхэд шилжүүлжээ. Мөнгө угаах гэмт хэрэгт прокурорын байгууллага анхааран ажилласнаас хянан ажилласан энэ төрлийн хэрэг 20.9 хувиар, шүүх рүү шилжүүлсэн хэрэг 36.3 хувиар өсжээ.


Энэ талаар УЕПГ-аас улирал бүр зохион байгуулдаг ээлжит хэвлэлийн хурлаар мэдээллээ. Тодруулбал, 2020 оны прокурорын байгууллагын хяналтын ажлын нэгдсэн дүн мэдээ, нийслэлийн прокурорын газраас хянасан олны анхаарлыг татсан хэргүүдийн явц, шийдсэн талаар мэдээллээ. 


Прокурорын байгууллага нь хэрэг бүртгэх мөрдөн байцаах болон зөрчлийн хэргийг бүртгэж хянах, мөн шүүхэд төрийг төлөөлж төр нийтийн эрх ашгийг хамгаалах, ял эдлэх ажиллагааг хянах гэсэн үндсэн 4 хяналтын чиглэлээр ажилладаг юм. 



УПЕГ өнгөрсөн онд зөрчлийн хэргийг бүртгэн хянах үйл ажиллагааны чиглэлээр нийт 31 байгууллагын 1775 эрх бүхий албан тушаалтны үйл ажиллагааг хянаж ажилласнаас тухайн хэргийн зөрчил өмнөх оноос 26.1 хувиар өсжээ. 

Нийт гарсан зөрчлийн хэргийн 75.4 хувь нь нийслэлд үйлдэгдсэн бол үлдсэн 24.5 хувь нь орон нутагт гарчээ. 

Хяналт тавьсан нийт зөрчлийн хэргийн 97.3 хувийг цагдаагийн байгууллага шалгаж, хэргийг шийдсэн байдал буюу зөрчлийн хэргийн эцсийн шийдвэрлэлт 2 хувиар өссөн. Үүнээс 99 хувьд нь шийтгэл ногдуулсан байна.


Холбоотой мэдээ