Тэмээний тоогоор Өлзийт сум тэргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-01-16 10:39:43
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. 2020 оны мал тооллогын урьдчилсан дүнгээр Дундговь аймаг 3 741.1 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оныхоос 352.0 мянган толгойгоор буюу 8,6 хувиар буурсан байна.  

Малын төрлөөр авч үзвэл адуу 166.4 мянга, үхэр  75.1 мянга, тэмээ 41.7 мянга, хонь  1 791.2 мянга, ямаа 1 666.5 мянган толгой тус тус тоологджээ.

Нийт малын тоо таван төрөл дээрээ буурсан үзүүлэлттэй байна. Тодруулбал, адуу 7 хувиар, үхэр 4,1 хувиар, тэмээ 0,9 хувиар, хонь 7,8 хувиар, ямаа 11,1 хувиар тус тус буурсан байна.

Нийт малын тоогоороо Эрдэнэдалай сум тэргүүлжээ. Тус сум адуу, үхэр, хонь, ямааны тоогоор бусад сумаас дээгүүр байгаа ба харин тэмээний тоогоор долоодугаарт жагсаж байна. Харин тэмээний тоогоор Өлзийт сум тэргүүлж, аймгийн нийт тэмээний  33,6 хувийг тоолуулжээ.

Хамгийн цөөн малтай Цагаандэлгэр сум 147.9 мянга, Баянжаргалан сум 150.8 мянган толгой мал тус тус тоолуулсан дүнтэй байна.

2019 оны жилийн эцсийн мал тооллогын дүнгээр тус аймгийн мал сүрэг таван төрөл дээрээ өсч, нийт 4092.7 мянган толгой мал тоолуулсан байдаг. Үүнийг өмнөх оныхтой нь буюу 2018 оны мал тооллогын дүнтэй харьцуулахад 7.0 хувиар өсч байсан бол энэ жилийн мал тооллогын дүн буурч гарсан байна. 

Холбоотой мэдээ