"Ковид-19” цар тахлын үед хүүхэд хамгааллын асуудал үгүйлэгдэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2021-01-16 16:04:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас “Ковид-19” цар тахлын үед хүүхэд хамгааллын бэлэн байдлын багцыг тодорхой хэмжээнд боловсруулан Улсын Онцгой комисст хүргүүлээд байгаа юм байна.


“Ковид-19” цар тахлын үед дайчлагдан ажиллаж байгаа албан хаагчдын хүүхдүүдийг хараа хяналтгүй үлдсэн эсэхэд, гэнэт урт хугацаагаар тусгаарлагдах үед ар гэрийн нөхцөл байдалд анхаарал тавих, эргэх холбоог зохицуулсан эсэх нь чухал асуудал болов. Иймд НҮБ-ын Хүүхдийн сангаас бэлэн байдлын уг багцыг бэлтгэсэн байна. 

Хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудал хөндөгдөж магадгүй нөхцөл үүссэнд санаа зовниж байна хэмээн тус сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч, ноён Алекс Хайкенс 2021 оны өнгөрсөн пүрэв гарагт Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдтэй уулзах үеэр онцолж байсан юм.


ХЭҮК-оос НҮБ-ын Хүүхдийн сантай хамтын ажиллагааны уулзалтыг цахимаар зохион байгуулж, уулзалтаар хөндөгдсөн асуудалд анхаарал хандуулан ажиллаж эхэллээ. Тухайлбал, тус сангийн суурин төлөөлөгчөөс Монгол Улсын Шадар сайдад хүргүүлсэн “Ковид-19” цар тахлын үеийн хүүхэд хамгааллын үйлчилгээний журмын төсөлд санал өгөх, энэ чиглэлээр хамтран ажиллах, хэрэгжилтийг хянаж оролцохоор боллоо.



Хэрвээ уг журмыг баталж хэрэгжүүлбэл цар тахлын хорио цээрийн үед хүүхдийн эрх зөрчигдөх, хараа хяналтгүй, хамгааллаас гадуурх хүүхэд үлдэхгүй байх, ХЭҮК-оос хүүхдийн эрхийн чиглэлээр УОК-т хүргүүлсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх боломж  бүрдэх зэрэг олон асуудлыг шийдвэрлэнэ гэж үзэж байгаа юм.


Талууд энэхүү зөвлөмжөөс гадна НҮБ-ын хүний эрхийн гэрээний хороодоос өгсөн хүүхдийн эрхийн талаарх зөвлөмжийн хэрэгжилтийг хангуулахад хяналт тавих, хорих анги болон бусад газарт шалгалт хийх зэргээр хамтран ажиллахаар тохиролцжээ.

Холбоотой мэдээ