Экспорт өмнөх оныхоос 0.6 хувиар буурлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-19 17:24:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 2020 онд нийт 146 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 12.9 тэрбум, үүнээс экспорт 7.6 тэрбум, импорт 5.3 тэрбум ам.доллар боллоо.


Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 876.9 (6.4 хувь) сая ам.доллар, үүнээс экспорт 43.3 (0.6 хувь) сая ам.доллароор, импорт 833.6 (13.6 хувь) сая ам.доллароор буурсныг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Экспорт өнгөрсөн оны 12 дугаар сард 721.2 сая, импорт 407.3 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас экспорт 147.8 (17.0 хувь) сая, импорт 42.3 (9.4 хувь) сая ам.доллароор буурав.


Гадаад худалдааны тэнцэл 2019 онд 1.5 тэрбум ам.долларын ашигтай гарсан бол 2020 онд өмнөх оныхоос 790.3 сая ам.доллароор нэмэгдэж, 2.3 тэрбум ам.долларын ашигтай байна.


БНХАУ-тай 2020 онд 7.4 тэрбум ам.долларын худалдаа хийсэн нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 57.5 хувийг эзэлж байгаа юм.


Экспорт өмнөх оныхоос 43.3 сая ам.доллароор буурахад зэсийн баяжмалын экспорт 17.9 сая, нүүрсний экспорт 952.2 сая ам.доллароор буурсан нь голлон нөлөөлжээ.

Холбоотой мэдээ