Зимбабве улсын Гадаад хэргийн сайд халдварын улмаас нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-01-21 11:54:04

ХАРАРЕ. /BBC/. Зимбабве улсын Гадаад хэргийн сайд Сибусисо Мойо “COVID-19”-өөр халдварласны улмаас нас барлаа гэж тус улсын Засгийн газар мэдээлжээ.


Армийн генерал байсан С.Мойо нь Ерөнхийлөгчийн албыг олон жил хашсан Роберт Мугабег цэргийн хүчээр албан тушаалаас нь түлхэн унагаасныг 2017 онд зарласныхаа дараа олон улсын анхааралд өртөж байжээ.


Зимбабвед COVID-19” халдварын тохиолдлын тоо шинэ жилийн баярын дараа олноор нэмэгдэх болжээ. Тус улсад халдварын анхны тохиолдол өнгөрсөн оны гуравдугаар сард бүртгэгдсэнээс хойш 28675 хүн халдвар авч, 825 хүн нас баржээ.


Reuters” агентлагийн мэдээлснээр, Зимбабвед илэрсэн халдварын тохиолдлуудын тэн хагасаас илүү хувь нь шинэ жилийн баярын дараа бүртгэгдсэн байна. Халдвар авсан хүний тоо олноор нэмэгдсэнийг баярын үеэр Өмнөд Африк руу зорчсон хүмүүстэй холбоотой гэж үзэж байгаа ажээ.


Өмнөд Африкт өнгөрсөн 11 дүгээр сард коронавирусний илүү хурдан халдварладаг шинэ хувилбар анх илэрснээс хойш халдварын тохиолдлын тоо олноор нэмэгдэх болсон юм. Африкийн орнууд дундаа халдвар хамгийн их тархсанд тооцогдож буй Өмнөд Африкт 1.3 сая гаруй хүн халдвар авч, 38 мянга гаруй хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ