Байнгын хороо Ерөнхий сайдын үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг дэмжив

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2021-01-21 16:53:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэж, дэмжлээ.


Тодруулбал, хоёр хоногийн өмнө дөнгөж төрсөн эмэгтэйг ХӨСҮТ рүү зөөхдөө мэргэжлийн байгууллагын албан тушаалтнууд хариуцлага алдсаны улмаас олон нийт эсэргүүцлийн цуглаан зохион байгуулсан. Улмаар Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх өргөдлөө өгсөн юм. Гэвч Ерөнхий сайд У.Хүрэлсүх Засгийн газраа анх бүрдүүлэхдээ  танхимаараа ажиллана гэж төлөвлөсөн бөгөөд ард түмний үг, шаардлагыг хүлээн авч, үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх болсноо өнөөдөр мэдээлсэн юм.


Байнгын хорооны хуралдааны үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, “Улс төрийн зориг гаргаж, хариуцлагаа хүлээж байна. Дөнгөж төрсөн эмэгтэйг хөхөө өвлийн хүйтнээр ямаршуу байдалтай авч гарсныг бид бүгдээрээ мэдэж байгаа. Энэ бол хүн бүрийн сэтгэлийг шимшрүүлсэн үйлдэл болсон. Тиймээс Монголд ийм зүйл битгий гараасай гэсэндээ, жирийн нэгэн төрийн албан хаагч хариуцлагагүй байвал Засгийн газрын тэргүүн огцордог гэдгийг ойлгоосой гэж үүрэгт ажлаа өгч байна. Ерөнхий сайд хариуцлага хүлээж байгаа бол би ч бас алдвал хариуцлага хүлээх ёстой гэдгийг Монголын төрд зүтгэж буй хүмүүс ойлгоосой гэж жишээ болгож байгаа юм” гэлээ.


Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 76.5 хувь дэмжлээ. Ийнхүү байнгын хороо Ерөнхий сайдын хүсэлтийг дэмжсэн тул түүнийг огцруулах тогтоолын төслийг боловсруулав. Ерөнхий сайд У.Хүрэлсүх дараагийн Засгийн газрын тэргүүн томилогдох хүртэл үүргээ гүйцэтгэхийг уг тогтоолоор үүрэг болгож буй юм. Уг асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанаар эцэслэнэ.

Холбоотой мэдээ