“Moderna”-гийн вакцин коронавирусний шинэ хувилбаруудаас хамгаалах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2021-01-26 16:00:03

ЛОНДОН. /BBC/. АНУ-ын “Moderna” компанийн “COVID-19”-ийн вакцин коронавирусний шинэ, илүү хурдан халдварладаг хувилбаруудаас хамгаалах төлөвтэй байна гэж тус компанийн мэргэжилтнүүд мэдээлжээ.


Лабораторийн эхэн үеийн туршилтуудын дүнгээс үзэхэд вакцины үүсгэдэг эсрэг биетүүд коронавирусний шинэ хувилбаруудыг таньж, тэмцэж байжээ. Энэхүү үр дүнг батлахын тулд цаашид вакцин хийлгэсэн хүмүүсийг оролцуулан судалгаа явуулах шаардлагатай юм.


Дэлхийн олон оронд хурцадтай тархах болоод байгаа коронавирусний шинэ хувилбарууд нь анхны хувилбартайгаа харьцуулахад хүний эсэд илүү хурдан нэвтэрдэг болж хувьсан өөрчлөгджээ. Шинжээчдийн үзэж буйгаар, Их Британид анх есдүгээр сард илэрсэн хувилбар 70 хүртэлх хувиар хурдан халдварладаг бололтой байна.


Одоогийн вакцинуудыг өмнөх хувилбаруудад тохируулан бүтээсэн боловч эрдэмтэд шинэ хувилбаруудын эсрэг үйлчилнэ гэж үзэж байна. Мөн “Pfizer” компанийн вакцин Их Британид тархсан хувилбараас хамгаална гэдгээ эхний үр дүнгээрээ харуулаад байгаа юм.


Moderna”-гийн судалгааны хувьд судлаачид вакцины хоёр тунг хийлгэсэн найман хүнээс цуглуулсан цусны сорьцыг шинжлэхэд эсрэг биетүүд шинэ хувилбаруудыг таньж байжээ. Саармагжуулах эсрэг биетүүд нь вирусийг эсэд нэвтрэхээс хамгаалдаг. Цусны сорьцуудад шинэ хувилбаруудыг саармагжуулах хангалттай хэмжээний эсрэг биетүүд байсан боловч Өмнөд Африкийн хувилбарын хувьд Их Британийнхтай харьцуулахад сул байжээ.


Moderna”-гийн мэдээлснээр, энэхүү үр дүнгээс үзэхэд вакцин Өмнөд Африкийн хувилбараас арай бага хугацаагаар хамгаалж магадгүй байна. Тус компани одоо гурав дахь тунг хийвэл илүү үр дүнтэй байх эсэхийг туршихын сацуу бусад компанийн нэгэн адил вакцинаа шинэ хувилбаруудад илүү тохирох байдлаар өөрчлөх боломжийг судалж байгаа ажээ. 

Холбоотой мэдээ