Ахмадын байгууллагатай хамтран ажиллана

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2021-01-28 10:40:03

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Ахмадын хорооны дарга О.Даваасүрэн, ажилтан Б.Цэнджав нар аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргалтай уулзлаа. Тэд энэ жил ахмадын холбооны 90 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан ахмадын баярын өдрөөр хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулан, аймгийн удирдлагуудтай хамтран үйл ажиллагаа зохион байгуулах саналтай байгаагаа хэлэв.

Аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал хэлэхдээ "Ахмадын эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, чөлөөт цагийг өнгөрүүлэх нөхцөл бололцоогоор хангахад анхаарч ажиллана. Ахмадын ойг угтаж хийх тодорхой ажлууд дээр аймгийн удирдлагуудын зүгээс хамтарч ажиллах болно гэв. Мөн 2021 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан ахмадуудад чиглэсэн ажил арга хэмжээнүүд хөтөлбөрт тусгагдсан. Ахмадын холбооны зүгээс саналаа хүргүүлэх боломж нээлттэй байгааг дурдав.

 

2017 онд Ахмад настны хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой аймгийн Ахмадын хороо нь хууль сурталчлан таниулах арга хэмжээг аймаг, сумын Ахмадын хороогоор дамжуулан хийж байгаа ажээ. Ахмадын хорооны даргын зүгээс Засгийн газрын 197 дугаар тогтоолоор Аж ахуйн нэгж, төсөвт байгууллагууд Ахмадын хороо, зөвлөлөөс оруулсан саналыг үндэслэн цалингийн сангийн 3 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр сан байгуулна гэж журамд тусгасан байдаг ч хэрэгжилт нь хангалтгүй байгаа тул үүнийг аймгийн удирдалгуудын зүгээс анхаарч хамтран ажиллахыг хүсэв. Мөн аймаг дотор нийтийн тээврээр үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй зорчуулах, Төрийн дээд одон медалиар шагнуулахаар явуулдаг ч шийдвэрлэгдэхгүй уддаг зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүсчээ.

 

Аймгийн Ахмадын хороо нь 1931 онд байгуулагдсан цагаас өөрийн байргүй түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаад 2011 онд ахмадын байртай болсон байна. Одоо байгаа байрыг 2017 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтээр стандарт бус баригдсан, ашиглах боломжгүй гэсэн дүгнэлт гарсан хэдий ч өөрсдийн нөөц бололцоог тулгуурлан засвар үйлчилгээ хийж тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Ахмадын өргөөгөөр өдөртөө 40-50 ахмад настан ширээний теннис, шатар, чийрэгжүүлэлтийн танхимаар үйлчлүүлдэг байна. Аймгийн хэмжээнд Булган, Ихтамир сумаас бусад бүх сум ахмадын өргөөтэй. 

Холбоотой мэдээ