Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар UNESCAP-тай хамтарч ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2021-01-28 14:31:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХНХЯ нь НҮБ-ын Ази, Номхон далайн Эдийн засаг, нийгмийн хороо (UNESCAP)-той хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлаар хамтарч ажиллана.


Энэ талаар ХНХ-ын сайдын үүрэг гүйцэтгэгч А.Ариунзаяа НҮБ-ын АНДЭЗНХ-ны Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга хатагтай Чай Чай болон холбогдох албаныхантай цахимаар уулзахдаа ярилцав.


Тухайлбал, тус хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавх бэхжүүлэх чиглэлээр тодорхой төсөл хэрэгжүүлэх тухай хөндөж, энэ хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, чиглэл, боломжийн талаар санал солилцов.


Энэ үеэр НҮБ-ын АНДЭЗНХ нь ХНХЯ-тай хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, чадавхыг бэхжүүлэх хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж ажиллахаа илэрхийллээ.


Уулзалтад Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн, Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн дарга З.Хүслэн, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн Ерөнхий газрын дарга Э.Тамир болон мэргэжилтнүүд оролцов. 

Холбоотой мэдээ