Хөдөлмөрийн гэрээ хийхдээ хувь хүний эрхэд халдсан заалт оруулсан байжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-07 13:55:01
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт Хөдөлмөрийн тухай хуулийн хэрэгжилт 80 хувьтай байна гэж Аймгийн Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо мэдээллээ. Тус холбоо өнгөрсөн сарын 9-16-ны хооронд аж ахуйн нэгжүүдэд шалгалт хийсэн байна.

Шалгалтад боловсрол, эрүүл мэндийн салбарын 51, хувийн хэвшлийн 32 байгууллага хамрагджээ. Нийт 83 аж ахуйн нэгжийн 5963 ажилтан хамрагдсан байна. Уг шалгалт нь  Хөдөлмөрийн тухай хууль болон ХАБЭА-н тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн мөрдөж байгаа талаар 20 үзүүлэлтээр явагдсан байна. Мөн цалин, хөлс олговрын байдлаар боловсрол, эрүүл мэндийн салбарт 112 үзүүлэлтээр шалгажээ. Шалгалтаар, ажил олгогчид ажилтантай хөдөлмөрийн гэрээ хийхдээ холбогдох хууль тогтоомжоос давсан буюу хувь хүний эрхэд халдсан заалт оруулсан тохиолдол цөөнгүй байсныг илрүүлсэн байна.

Мөн ээлжийн амралтын олговрыг олгохдоо нийт ажилласан хоногийг өөрчилж нэг хоногт ноогдох олговрыг бууруулан тооцсон тохиолдол гарсан байна. Үүнээс гадна Нийгмийн даатгалын шимтгэлийг сар бүр баталгаажуулаагүй, улирлаар тооцдог, бичилт дутуу болон буруу хийсэн, 120 хоногт 10 биш 7-8 хувиар тооцсон тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд зөрчил гаргасан байгууллагуудад “Хангалтгүй” гэсэн үнэлгээ өгчөө.

 Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ