Саудын Арабад гурван тэрбум ам.долларын авлигын схемийг илрүүлжээ

Дэлхийд | Эдийн Засаг
Jargal.d@montsame.mn
2021-01-28 18:06:41

КАИР. /Al Arabiya/. Саудын Арабын Төв банк банкны ажилтнууд оролцсон авлигын схемийг илрүүлсэн тухай тус улсын Авлигатай тэмцэх газрын албан ёсны төлөөлөгч Ахмед аль-Хусейн мэдээлжээ.


Түүний мэдээлснээр, Саудын Арабын Авлигатай тэмцэх газрын ажилтнууд нийт 11.59 тэрбум риалын /3.09 тэрбум ам.доллар/ эргэлт бүхий авлигын хэргээр хэдэн арван хүнийг баривчилсан байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад банкны ажилтнууд гарал үүсэл нь тодорхойгүй хөрөнгийг дансанд байршуулж, гадаад руу хууль бусаар шилжүүлснийхээ хариуд зохион байгуулалттай гэмт бүлэглэлүүдийн гишүүдээс авлига авч байсан нь тогтоогджээ.


9.7 сая риалыг дансанд байршуулах зорилгоор банк руу илгээсэн таван сэжигтнийг авлигын гэмт хэрэг, залилан мэхлэх, мөнгө угаах гэмт хэргийг зохион байгуулахад оролцсон хэргээр, мөн таван бизнес эрхлэгч, банкны 12 ажилтан, өөр долоон хүнийг баривчилсан бөгөөд эдгээр хүмүүс 15 жил хүртэл хугацаагаар хоригдох ял авч магадгүй байна.


Сүүлийн жилүүдэд Саудын Арабын эрх баригчид эдийн засгаа хамгаалахын тулд авлигатай тэмцэх ажлыг эрчимжүүлжээ.


Холбоотой мэдээ