Баян-Өлгий аймаг хөл бөмбөгийн спортыг эрчимтэй хөгжүүлэх зорилтоо тодорхойлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-03 14:46:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын үйл ажиллагаа болон хэрэгжүүлж байгаа ажлын талаар цувралаар танилцуулж байна.


Энэ удаа Баян-Өлгий аймгийн хөл бөмбөгийн холбоо 2014 оны 12 дугаар сард үүсгэн байгуулагдаж, холбооны тэргүүнээр Ш.Амантай, нарийн бичгийн даргаар С.Нурлан нар ажиллаж байна. Тус холбоо 2015 оны 2 дугаар сард МХБХ-ны албан ёсны гишүүн холбоо болж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Тус холбооны харьяалалд Азийн хөл бөмбөгийн “С” зэрэглэлтэй дасгалжуулагч М.Мейрамбек, МХБХ-ны 2017 оны “Д” зэрэглэлтэй дасгалжуулагчид О.Ертай, Ж.Арысбек, Т.Хамит, Х.Нуршаш /охидын баг/, Н.Досымбек /Алтай сум/, Болатбек /Бугат сум/, мөн 2017 оны анхан шатны шүүгчид А.Хурмет, Б.Айбек нар хамтран ажиллаж байна.


Баян-Өлгий аймгийн хөл бөмбөгийн холбооны үйл ажиллагааны зорилго нь орон нутагтаа МХБХ-ны нэгдсэн бодлогыг хэрэгжүүлэх, хөлбөмбөгийн спортыг орон нутагтаа хөгжүүлэх, түүнийг сурталчилан таниулах, мэргэжлийн дасгалжуулагч, тамирчдыг бэлтгэх, орон нутаг цаашлаад бүс, улсын болон олон улсын чанартай тэмцээнүүдэд амжилт гаргах нөхцлийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд оршино. Холбоо үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн 2015 оноос хойш бүсийн тэмцээнүүдээс 3 алт, 1 мөнгө,3 хүрэл медаль,1 шилдэг довтлогч, 21 аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс 16 насны баг 1 алт, 1 мөнгө, 1 удаа 4-р байр, 1 тэгш тоглогч, 1 шилдэг довтлогч, 1 шилдэг хаалгач, залуучуудын баг 1 дүгээр шатны цомын эзэд, 1 шилдэг довтлогч, 1 шилдэг хамгаалагч төрөн гарсан байна.


Мөн олон улсын чанартай тэмцээнүүдээс “Ер Жанибек” цомын олон улсын мини футболын аварга шалгаруулах тэмцээнд 2015-2019 он хүртэл оролцоход 1 удаа 4 дүгээр байр, Горно-Алтайск мужийн олон улсын мини футболын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, шилдэг хаалгачийн шагнал хүртсэн байна. 21 аймаг, улсын чанартай тэмцээнүүдэд хүчтэй өрсөлдөж чадахүйц өсвөр, идэрчүүд, насанд хүрэгчдийн шинэ залуу багтай болоод байгаа аж.



2017 онд МХБХ-той хамтран анхан шатны шүүгчдийн сургалт, МХБХ-ны “Д” зэрэглэлийн дасгалжуулагчдын сургалтыг аймагтай зохион байгуулсан. Тус сургалтын дараа 3 сумд хүүхэд, багачууд нь хөлбөмбөгөөр хичээллэж, тоглодог болж, зарим нь аймгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тамирчид нь аймгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдах болжээ.


Мөн 2017-2018 онуудад залуучуудын талбайн хөл бөмбөгийн “Өлгий лиг” тэмцээнийг нэг сарын турш зохион байгуулснаар орон нутагт өрсөлдөөн бий болж, илүү олон сайн тамирчид гарах нөхцөл бүрдэж байгаа. 2015 оноос 14 болон 16 хүртэлх насны хөл бөмбөгийн дугуйлан, нас насны шигшээ багийн, залуучуудын шигшээ багийн бэлтгэл, 2018 оноос эхлэн шинээр 8-12 насны хүүхдүүдийн хөл бөмбөгийн дугуйлан, тус насны шигшээ багийн бэлтгэл болон 15 хүртэлх насны охидын хөл бөмбөгийн сонирхогчдын дугуйланг нэмж зохион байгуулж амжилттай ажиллаж байна. Аймгийн спортын салбарын 2019 оны  “Алтан бамбар” шилдгүүдийг шалгаруулах ёслолд тус холбооноос шилдэг спорт тоглоомын баг болон шилдэг дасгалжуулагч шалгарчээ.


Аймгийнхаа Ахмадын холбоотой хамтран 2021 оноос ахмадын хөл бөмбөгийн сонирхогчдын баг бүрдүүлэн тогтмол тоглуулах, сайжруулан тэмцээнд оролцоход нь дэмжлэг үзүүлж байгаа аж. Мөн аймгийн Эмэгтэйчүүдийн холбоотой хамтран охид, бүсгүйчүүдэд хөл бөмбөгийг  оноос сурталчилан дуртай болгох, уг спортоор хичээллүүлэх, мэргэжлийн охидын багийн дасгалжуулагч, охидын шигшээ багтай болох зорилт дэвшүүлжээ. Улмаар улсын болон олон улсын чанартай тэмцээнд оролцуулах ажлыг эхлүүлсэн байна.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмэлэг, байгууллагуудтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд багачуудыг тус спортоор хичээллэх боломжийг судлах, дасгалжуулагч бэлтгэхээр төлөвлөжээ.


Түүнчлэн Улаанбаатар хотод холбооны дэргэдэх нутгийн зөвлөл байгуулан тэнд сурч, амьдарч буй хөлбөмбөгийн тамирчид, сонирхогчдод дэмжлэг үзүүлэх, аймгийг төлөөлөх мэргэжлийн клуб байгуулан МХБХ-ны тэмцээнд илүү ойроос тогтмол оролцож байх нөхцлийг бүрдүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаа юм байна.


Урт хугацааны төлөвлөгөөний хүрээнд аймгийн Хүүхэд, залуучуудын паркийн хөл бөмбөгийн талбайг холбооны үйл ажиллагаанд ашигтай, боломжийн цагийн хуваарьтай, үнэ төлбөргүй ашиглах, мөн стандартын футзалын заалтай болох аж. Ингэснээр жилийн 4 улиралд бүсийн, улсын, олон улсын чанартай тэмцээн зохион байгуулах, олон нийтэд хөлбөмбөгийг сурталчилан таниулах, тогтмол тэмцээн, дугуйлан, бэлтгэл хийх боломж бүрдэнэ.


АХБХ-ны “Хөл бөмбөгийн Мини талбай” төслийн хүрээнд сургуулиудтай хамтран ажиллах, хөл бөмбөгийг дэмжигч, хандивлагч байгууллага, хувь хүмүүсийг олон нийтэд мэдээлэх, тэдэнд ашигтай, тогтмол хамтран ажиллахаар маркетингийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх юм байна.


Мөн холбооны үйл ажиллагаанд сайн дурын мэргэжлийн хүмүүсээс бүрдсэн зөвлөл бий болгож, хамтран ажиллах, Өлгий сумын УБС-иуд, бүх сумдад болон цэцэрлэгт грассрүүтс /анхан шатны сургалт/ зохион байгуулах, тамирчдыг бага наснаас нь бэлтгэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, хувь хүмүүстэй хамтран ажиллах юм.


Хөл бөмбөгийн тэмцээн болон биеийн тамирын багш, тамирчдад зориулсан Теле-сургалтыг орон нутгийн сувгаар жил болгон явуулж байх, Монгол улсын шигшээ багийн өдрөөр хөл бөмбөгийг сурталчилах ажлыг тогтмол зохион байгуулах аж.


Цаашлаад Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд багтахаар мэргэжлийн тамирчид бэлтгэн гаргах, аймгийн шигшээ багт мэргэжлийн дасгалжуулагчтай болох зэрэг олон ажлыг төлөвлөн хэрэгжүүлэхээр ажиллаж байна. 

Холбоотой мэдээ