Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэд өнөөдрөөс харилцан нэвтэрч эхэлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-04 13:20:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Өнгөрсөн сарын 27-ны өдөр хүнс тээврийн жолоочоос коронавирус илэрсэн тул Дархан-Уул аймгийн хэмжээнд арван төрлийн үйлчилгээг түр хязгаарласан. Тэгвэл энэ сарын 3-ны орой болсон аймгийн Онцгой комиссын хурлаар тус арван чиглэлийн үйлчилгээг нээлээ.

Мөн ногоон бүс болсонтой холбогдуулан Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэд тухайн орон нутгийнхаа онцгой комиссын зөвшөөрлөөр харилцан нэвтрэх боломжтой боллоо. Тодруулбал энэ сарын 4-10-ны өдрийг дуустал нэг иргэн заагдсан хугацаанд нэг удаа нэвтэрч хүнс бэлтгэх, гэр бүлийнхэнтэйгээ уулзах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах боломж бүрдэж байна. Тиймээс зорчих хөдөлгөөнд оролцох иргэд дараах шийдвэрийг хангах ёстой аж. Үүнд:

Дархан-Уул аймгийн Сумдын хөдөлгөөнд оролцох бол асуумж бөглөн орж гарах бөгөөд нэг иргэн 7 хоногт 1 удаа зорчино.

Сэлэнгэ аймгийн сумдын хөдөлгөөн нээгдсэн бөгөөд Сүхбаатар, Алтанбулаг сум руу орж, гарахдаа түргэвчилсэн оношлуур, бусад сум руу асуумжаар гарах бөгөөд мөн нэг иргэн 7 хоногт 1 удаа зорчих ажээ.

Дархан-Улаанбаатар чиглэлд гарах иргэдийн бүртгэлийг 2021.02.03-ны 20:00 цагаас 2021.02.04-ний 18:00 цаг хүртэл SMARTDARKHAN.COM сайтаар бүртгэнэ. Нэмэлт шаардлага 60 хоног буцаж ирэхгүй байхаар тусгажээ.

Зөвхөн буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэдийг Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг хүлээн авна. Ингэхдээ 24 цагийн PCR шинжилгээ, Онцгой комиссын бичигтэй байх шаардлагатай гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харин өнөөдрөөс үйл ажиллагаа нь нээгдэж буй байгууллагуудад:

- Төрийн байгууллага

- Үсчин, гоо сайхан

- Фитнес, иог, бүжгийн клуб /тусгай горим/

- Бүх төрлийн секц, дугуйлан

- 12 ангийн сурагчдын танхимын давтлага

- Түр сургалт

- Теннис, биллиард, спорт заал

- Нийтийн халуун ус, саун, бассейн

- Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээ

- Баар, паб /сул агууламжтай согтууруулах ундаагаар 22:00 цаг хүртэл/

- Тусгай зөвшөөрөлтэй ААНБ- Архи согтууруулах ундаа худалдах /22:00 цаг хүртэл/ мэргэжлийн байгууллагуудаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу халдвар хамгааллын дэглэмээ баримтлан ажиллахаар боллоо.

Өнгөрсөн хугацаанд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан 7 хоногийн хугацаанд дараах ажлуудыг хийж гүйцэтгэсний үр дүнд энэхүү шийдвэрийг гаргасан байна. Улаанбаатар хотоос ирсэн 900 гаруй иргэний 70 хувиас 2 удаа, хүнс тээврийн 73 жолоочоос 1 удаа, ойрын хавьтлын тусгаарлалтад байсан 97 хүнээс 2 удаа тус бүр PCR шинжилгээг авсан бөгөөд хариу бүгд сөрөг гарсан аж. Мөн эрсдэлт бүлгийн 8 чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж буй ААНБ-уудын 2000 гаруй иргэнээс коронавирусний түргэвчилсэн шинжилгээг авч хариу бүгд сөрөг гарсан байна. 

Холбоотой мэдээ