Нэг эмчид ноогдох ажлын ачааллыг тэнцвэржүүлэх шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2016-06-08 12:42:38

2016 оны эхний 5 сарын байдлаар аймгийн БОЭТ-д 794 эх амаржиж, 799 хүүхэд мэндэлжээ. Хүүхэд олноор төрөхийн хэрээр эх барих эмч нартай холбоотой санал, гомдол гарсаар байдаг. Энэ асуудал юунаас үүдэлтэй болохыг БОЭТ-ийн Чанарын албаны дарга Д.Болормаагаас тодрууллаа.

БОЭТ-д хүчилтөрөгчийн өтгөрүүлэгч, амьсгалын аппарат, зүрхний бичлэгийн автомат аппарат гэхчлэн нярайд шаардлагатай тоног төхөөрөмж хангалттай байгаа гэнэ.

Харин эмч, сувилагчдыг чадавхижуулах, аливаа зүйлийг стандартын дагуу алдаагүй хийж сургах шаардлагатай байгаа бөгөөд үүний тулд нэг хүнд ноогдох ажлын ачааллыг тэнцвэржүүлэх ёстой гэдгийг тэрбээр хэлж байлаа.

2013 онд эх, хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр үетэй байж, улсын дунджаас давж байсан бол сүүлийн хоёр жилд тодорхой түвшинд буурч байгаа юм. Олон эх төрдөг учраас алдаа эндэгдэл гаргах тохиолдол бий. Гэвч 2016 оны байдлаар эхийн ноцтой буюу амь насанд нь эрсдэл учирсан 3 тохиолдлыг авран хамгаалж, төрөхөд нь хүндрэл, бэрхшээл учирахуйц 4 ээжийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хүргэж өгөн төрөхийн хүндрэлтэй 455 ээжийг эмчилсэн гэж байлаа.

 Өвөрхангай Б.Батчимэг

Холбоотой мэдээ