Б.Болд: Байгаль хамгаалагчийн ажлын өдөр улирал бүр өөр байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-08 12:56:27

Ховд /МОНЦАМЭ/. Байгаль дэлхийгээ хайрлан хамгаалж, хойч үедээ энэ хэвээр нь өвлүүлэхийн тулд хичээнгүйлэн зүтгэж, уйггүй хөдөлмөрлөж яваа хүмүүс бол байгаль хамгаалагчид юм. Тэдний төлөөлөл бол Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын Буянт сумын Нарийн гол багийн хэсэг хариуцсан байгаль хамгаалагч Б.Болд.

Тэрбээр байгаль хамгаалагчаар тасралтгүй 23 жил ажиллаж байна. Иймээс түүний ажлын онцлог, туршлагын талаар цөөн хором яриа өрнүүллээ.      

-Юуны өмнө уншигчдад өөрийгөө дэлгэрэнгүй танилцуулна ууТа яагаад байгаль хамгаалагч болсон бэ?

-Би 1974 онд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Эхнэр, хоёр хүүхэдтэйгээ амьдардаг. Буянт сумын найман жилийн сургуульд суралцсан бөгөөд 1993 онд хөдөө аж ахуйн коллeжид Малын эмч-мал зүйч мэргэжил эзэмшиж байлаа. Ингээд Буянт сумын Мал эмнэлгийн газарт ажиллаж байгаад 1998 онд хувьчлагдахад малын эмчийн ажлыг өгч, Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт байгаль хамгаалагч болсон юм. Тэртээ 1998 оноос хойш одоо хүртэл Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт байгаль хамгаалагчаар тасралтгүй 23 жил ажиллаж байгаадаа баяртай явна. Би өөрөө энэ нутгийнх болохоор шинэ ажлын гараа эхлэхэд харьцангуй амар байсан. Анх шарга болон саарал хоёр морь, нэг дурантай энэ ажлыг хүлээн авч билээ. Манай хамт олон бол аливаа ажилд санаа нийлдэг, багаар ажиллах чадвартай гайхалтай хүмүүс бий.  

-Та хэчнээн га нутаг дэвсгэрийг хамгаалж, хариуцан ажиллаж байна вэ? Энэ ажилд давуу тал, бэрхшээлтэй зүйлс байдаг уу?

-Би Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газарт хамрагдах Буянт сумын 160-аад мянган га газар нутгийг хариуцан ажилладаг. Манай ажлын давуу тал нь үзэсгэлэнт байгальд ажлаа явуулдагт бий. Ер нь бол байгаль хамгаалагчийн ажлын өдөр улирал бүр өөр байдаг. Энэ сард бол хууль бус загас агнуурыг багасгах зорилгоор эргүүл, хяналт шалгалтын ажил хийж байна. Ингэхдээ өглөө нуур луу гараад хяналт шалгалтын дараагийн цэг хүртэл 60 км явна. Орой болоход буцаад нөгөө л маршрутын дагуу дахин хяналт шалгалт хийж, ажлын байрандаа ирдэг. Манай ажлын байр гэхээр Халх бухт гэдэг газарт нэг вагончик бий. Цаг хугацааны явцад бидний ажилдаа ашигладаг техник, тоног төхөөрөмж сайжирч, илүү хөгжиж байна.  Гэхдээ зарим тохиолдолд хүндрэлтэй, бэрхшээлтэй зүйл тулгарч байдаг шүү. Тухайлбал, мөс цөмрөх эрсдэл бий. Учир нь бид зургаан сар орчим хугацаанд байнгын мөсөн дээр ажиллаж байна.

-Та ажилдаа ямар зарчим баримталдаг вэ? Байгаль хамгаалагчийн ажлын туршлагаасаа хуваалцахгүй юу?

-Ажлын туршлага гэвэл хяналт шалгалтын хувьд манайх онцлогтой. Жишээлбэл, байгаль хамгаалагч нь мөс, цасан дээрх шинэ, хуучин ул мөрийг сайн таньдаг байх нь чухал. Судалгааны хувьд бас л манай онцлогт тохирсон, нүүдлийн болон суурин шувуудыг сайтар ялгадаг, дөрвөн зүйл загасны нүүдлийн зам, үрждэг газруудыг мэддэг байх учиртай. Харин баримталдаг зарчим гэвэл дүрэм зөрчсөн байсан ч хүн гэдэг байдлаар харьцах. Өөрөөр хэлбэл, хүнтэй зөв мэндлэх, өөрийн ажлыг тодорхой танилцуулах, хянаж шалгах,  хууль зөрчих болсон шалтгааныг нь сонсох гэх мэт.

-Ажлын явцад тохиолдсон сонирхолтой дурсамж олон байдаг уу?

-Тийм ээ, эргээд бодоход дурсамж дүүрэн өдрүүд олон бий. Тухайлбал, судалгааны мэргэжилтэн Д.Эрдэнэчимэг, байгаль хамгаалагч Г.Энхээ ах хоёртой “заарт хархны судалгаа хийж байлаа. Тэр үед Дөргөн сумын нутгаас завьтай гарч, Буянт сумын Шувуун цуглаан гэх газар хүртэл 15 цаг хөвөөд, харанхуй болсон хойно зорьсон газраа очиж байлаа. Тухайн үeд бид 70 гаруй км явсан бөгөөд завин дээрээ цайгаа чанаж уугаад явж билээ. (инээв)  

-Таны хариуцсан нутаг дэвсгэрийн хяналт, ажлын үр дүн ямар байна вэ?

-Өнгөрсөн онд хууль бус загас агнуурын зөрчил багасгах хяналт шалгалтын ажлыг сайжруулсан. 11 дүгээр сараас өнөөдрийг хүртэлх хугацаанд өдөр бүр 3 байгаль хамгаалагч Буянт, Мянгад, Дөргөн, Чандмань сумын тодорхой цэгийг хянаж байгаа нь маш их үр дүнгээ өгч байна. Энэ ажилд 5 хоногоор ээлжлэн ажилласан бүх мэргэжилтэн, байгаль хамгаалагч нартаа талархаж байгаагаа хэлмээр байна. Бид одоо ч ажиллаж байгаа. Одоо хийж буй хяналт шалгалтын ажлын үр дүнд ахуйн зориулалттай хууль бус загас агнуурын зөрчлийг таслан зогсоож байна. Мөн түрстэй загасыг хамгаалсан, орчны бохирдол багассан, нуур орчимд салхинд гарахаар ирсэн иргэд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талаар тодорхой мэдээлэлтэй болсон зэрэг давуу тал бий.   

-Цаашид ямар ажил төлөвлөсөн вэ? 

нэ оны 3 дугаар сараас эхлэн хадран загас үржлийн үeийн нүүдэл хийнэ. Тухайн үeд нуурын 5 хоолой болон Ховд гол дагуу тодорхой цэгүүдэд хяналт тавих, хаврын улиралд хуурайшилтын үeд түймрээс урьдчилан сэргийлэх ажил хийх төлөвлөгөөтэй байна.

-Байгаль хамгаалагчийн хувьд хүүхэд багачууд, залуу үеийнхэнд хэлэх зөвлөмж?

-Залуу үeийнхэн байгаль амьтай, эзэнтэй гэдгийг санаж, баялгийг зүй зохистой ашиглан, нөхөн сэргээж байхыг зөвлөж байна. Учир нь бидний дараагийн үe удам энэ нутагт амьдарсаар байх болно. Ер нь байгаль хамгаалагч гэдэг тусгай хамгаалалттай болон байгалийн дархан цаазат газрууд, уул уурхайн олборлолт, хайгуулын бүс, тэрчлэн хот суурин, хөдөө орон нутгийн байгаль орчныг хамгаалах, уул, ус, ой, амьтан, ургамал, түүний нөөц баялгийг зөв зохистой ашиглах, нөхөн сэргээхэд хяналт тавьж, түүнийг хэрэгжүүлэхэд туслах үүрэгтэй. Мөн өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын байгаль орчныг хамгаалах тухай багц хууль болон Захиргааны хариуцлагын тухай хууль тогтоомжуудыг үндсэн удирдлага болгон ажилладаг юм.

-Ярилцсанд баярлалаа. Танд ажлын амжилт хүсьe. 

Холбоотой мэдээ